Categories
мэдээ соёл-урлаг

Монголын анхны албан ёсны “Billboard”-ийг гаргана

Оюуны өмч, зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийг хамгаалах хүрээнд жишиг тогтоох зорилгоор Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн шилдэг дуу хөгжим, бүтээлийн жагсаалтыг Үндэсний Радио Телевизийн сувгуудаар олон нийтэд түгээх, мөн зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг хамгаалах чиглэлээр МҮОНРТ, МОСКАП, МДББҮТ, Hi-Fi Медиа групп хамтран ажиллахаар боллоо.

Энхүү хамтын ажиллагааны хүрээнд оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, 2015 оны тавдугаар сарын 20-оос МҮОНРТ-ийн сувгуудаар оргил цагуудаар үзэгчдэд хүргэнэ.

Шилдэг дууны албан ёсны жагсаалтыг гаргахдаа дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, youtube болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзана. Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих бөгөөд манай уран бүтээлчдийн дуу, хөгжмийн бүтээлийн борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байна.

Үүнээс гадна, хөгжмийн зохиолч, зохиолч, уран бүтээлчдийн дуу хөгжим, бүтээлийг хууль бусаар ашиглах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль бусаар түгээх явдлыг таслан зогсоож, цэгцлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан цуврал видео ролик, нэвтрүүлэг зэргийг Үндэсний Радио Телевизээр тогтмол цацаж байх талаар тохиролцоонд хүрчээ.

Энэхүү “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг гаргах болсонтой холбогдуулан маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагийн 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.

Энэхүү хурал нь Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах Өдрийг угтан болж байгаагаараа бас онцлогтой юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр дөрвөн талын төлөөлөл Харилцан Ойлголцолын Санамж Бичигт гарын үсэг зурах бөгөөд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.

Холбоо барих утас: 99884513

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *