Categories
мэдээ нийгэм

Хашаагаа модоор гоёцгооё

Урин дулаан цагт ногоон байгууламжаар хотын өнгө үзэмжийг сайжруулах хандлага ихэсч, хөрөнгө мөнгө чихээр төсөвлөх болжээ. Үүнийг дагаад албан газрууд гэлтгүй иргэд ч хашааныхаа өнгө үзэмжид анхаарч, бичил цэцэрлэгжүүлэлтийг сонирхох болсон байна. Тэгвэл ногоон моддоор хашаагаа чимж, өөрийн бяцхан цэцэгт хүрээлэнтэй болох хүсэлд тань хувь нэмэр оруулах үүднээс дараах зөвлөгөөг бэлтэглээ. Ингээд Эх газар компаний захирал Д. Даваасүрэнгийн мод тарих талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Хэзээ мод тарих вэ

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар манай орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор, намар аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд мод тарих нь тохиромжтой гэжээ. Учир нь хөрсөнд нэмэх 13 градустай болсон үед модны үндэс сэргэж, соёогоо хөөн ургаж эхэлдэг байна. Иймд иргэн та хашаагаа цэцэрлэгжүүлэх хүсэлтэй бол одоо л модны үрсэлгээгээ сонгох үе юм. Хэрэв мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.

Анхлан мод таригчид ямар мод сонговол зүгээр вэ

Төв суурин газрын гэр хорооллын хөрс их эвдрэлтэй, түүнчлэн эрс тэс уур амьсгалтай тул анхлан мод таригчид амархан ургадаг,арчилгаа багатай мод сонгох нь зүйтэй аж. Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй, түргэн ургадаг мод нь хайлаас, улиас аж. Хайлаас өнгө үзэмж сайтай, сайн инерги өгдөг мод юм. Мөн шинэс, улиас, гацуур гэх мэтчилэн моднууд сайн ургана. Жимсний модноос үрэл, монос, чацаргана ургах нь амар. Харин сакура, далдуу зэрэг халуун чийглэг орчинд ургадаг мод тарих нь их хэцүү.

Мод тарихад юуг анхаарах вэ

Нэгдүгээрт:Хөрсөө бэлтгэх нь хамгийн чухал юм. Хөрсний найрлагын ихэнх хувийг хар шороо, мөн элс, бууц эзлэнэ. Гэр хорооллын зарим газар хайргархаг, зарим хэсэгт хадархаг гээд янз бүр байдаг тул тухайн газрынхаа хөрсийг тодорхойлж түүндээ тохируулан модныхоо хөрсийг бэлдэх хэрэгтэй ажээ. Намгархаг, шаварлаг газар бол элсээ арай ахиухан хийж өгнө. Харин элсэрхэг газар бол бор шороо, бууц нэмж хийж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт: Модыг шилжүүлж суулгахдаа анхаарах хэрэгтэй. Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ар сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Хамгийн гол нь тухайн модны үндэсийг гэмтээлгүй авах хэрэгтэй.

Модоо суулгах нүхийг 4-5 метрийн зайд, доошоогоо 80 см, радиус нь 60-70 см ухаж бэлдэх нь тохиромжтой юм.

Гуравдугаарт: Усалгаа чухал. Тариалалт хийхээс өмнө талбайгаа сайтар усалсан байх хэрэгтэй. Үрсэлгээнийхээ үндсийг урьдаас сайн усалсан чийгтэй хөрсөнд гүн суулгаад сайн нягтаршуулж өгнө. Суулгасныхаа дараа шууд услахгүй бол болохгүй. Эхний 15 хоногт хөрс, ургамал сайн бэхэжтэл 2-3 хоногийн зайтайгаар байнга усална. Энэ үедээ нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай байдаг.
Ургамал бэхэжсэнээс хойш усалгаа хийх хугацааг холдуулан 10-15 хоногийн зайтай болгоно. Усалгаа болгоны дараа сийрүүлэлт хийж хог, ургамлыг нь устгаж цэвэрлэж байх шаардлагатай. Мөн 1-2 удаа азотын болон гурвалсан бордоогоор бордоно. Эхний бордоог зургадугаар сарын 10-20-ны хооронд, дараагийнхыг долдугаар сарын 10-15-ны хооронд хийх нь илүү тохиромжтой. Энэ модны үндсэнд тэжээл сайн өгдөг юм.
Мөн худаг болон крантны хүйтэн усаар услах юм бол амархан хатгаа авч үхдэг. Бүлээн усаар усалсан мод хурдан ургадаг. Усаа хэмнэхийг хүсч байвал мод тарих нүхний тогоогоо эхлээд нэг сайн услаад гялгар уут юмуу тааран шуудай зэрэг гар доорх бэлэн зүйлээр ус, чийг нь дээшээ ууршихгүйгээр хааж, тогооныхоо хажуугаар нь төмөр юм уу, модоор даруулчих хэрэгтэй. Ингэвэл гурав хоногын дотор ууршаад алга болох ус хоёр долоо хоног дотроо ууршдаггүй гэнэ.

Салхи зулзаган модыг унагааж, үндсийг нь тогтворжуулахад саад учруулж, чийгийг алдагдуулж байдаг. Иймд мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй

Ямар модыг яаж таривал хашаандаа сайхан цэцэрлэгтэй болох бол?

Сайхан цэцэрлэгтэй болохыг хүсч байвал хар модыг гадуур нь 1-2 эгнээгээр хүрээлээд, дотор нь улиасыг мөн 1-2 эгнээгээр, түүний дотор талд нь өөрийнхөө дуртай жимсний моднуудаас тариарай. Таны цэцэрлэг хэний ч нүдэнд өнгө, үзэмжтэй сайхан харагдана.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *