Categories
мэдээ цаг-үе

Амралтын газрын тэмээ чихэр жимсэнд нугасгүй гэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүр­гийн нутаг дэвсгэр Богд уулын Ар Зайсангийн аманд орших “Чингэсийн хүрээ” амралтын газарт нэг тэмээ сар гаруй хэвтэж буй тухай мэдээлэл цахим орчинд түгсний мөрөөр өчигдөр очиж сурвалжиллаа.Биднийг очиход мөнөөх тэмээ амралтын хашаанд наран зүг харан хээв нэг хивж хэвтэх юм. Ойртон очвол ер босох шинжгүй, бөх, зогдорт гараа хүргэвэл сэвсэлж тургих шинжтэй номхон бор нүдээ дүрлэгнүүлж байна. Хамар нь хоёр ч удаа буйллуулж сэтэрснийг харахад нэлээд зовлон үзсэн шинжтэй. Бөх нь ширээ сайхан ханагар амьтан юм. Тус амралтын газар очоод буцаж байгаа таван залуу “Нөгөө фейсбүүкт зураг нь байсан үхэж байгаа тэмээ чинь энэ байна” гэсээр хүрээд ирлээ.

Тэгтэл “хэвтэрт орсон” тэмээ хүнд муугаа үзүүлэхийг хүссэнгүй бололтой өөрт нь ойртох гэсэн залуусыг гав гувхийн тургих маяг үзүүлчихээд огтхон ч тоосон шинжгүй хэвтсээр.

Харин амралтын газрын тэндээс “Наад тэмээгээ тайван байлгаач ээ” гэж хашгирах нь тодхон сонсогдов. Эзэнтэй нь уулзаж тэмээнийх нь лагшин тунгалаг эсэхийг асууя гэж бодлоо. Очвол тогооч бололтой хоёр охин, нэг бүсгүйн хамт байна. “Тэмээ чинь яаж байна” гэвэл “Чингэсийн хүрээ” амралтын газрын менежер Э.Болормаа “Наад тэмээ чинь манай амралтын газрын эрхээрээ хатсан ганц амьтан байгаа юм. Нийгмийн сүлжээнд л манай тэмээг зүгээр хэвтэж байхад нь үхэх гэж байна гээд зурагтай нь тавьчихаж. Өчигдөр Нийслэлийн шуурхай хурал дээр тэмээг маань өвчилсөн гэж хэлэлцсэн ч юм уу Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газраас баахан хүмүүс ирж үзээд явсан. Наад тэмээ чинь зүв зүгээр. Хэд хэдэн телевизийнхэн хүртэл ирсэн. Манай тэмээ хэвтэж байгаад хоолныхоо цагийг болохоор хүрч ирээд гал тогооны цонхоор толгойгоо шургуулж байгаад хоолоо идчихнэ. Энд амрахаар ирсэн улс чихэр боов, шоколад, жигнэмэг өгнө. Чихэр жимсэнд бол хүүхдээс ч илүү дуртай. Хүн зураг авахуулж байвал дэргэд нь очоод сургуультай юм шиг зогсчихно. Энд ирээд арваад жил болж байгаа. Анх хаанаас авчирсныг нь би харин мэдэхгүй” гэж байв. Ямар зүйлээр тэжээдгийг нь асуухад “Тэрийг манай ахлах тогооч л мэднэ. Өнөөдөр ажилдаа ирээгүй байна” гэв.

Тэмээн дээр буцаж ирвэл баруун талаараа газар налаад бүүр хэвтээд өгч. Удалгүй унаатай хоёр залуу ирэхэд нөгөө тэмээ өндийж, бүүр босоод ирлээ. Нэг залуу машинаасаа бууж ирээд тэмээ сэвсэлж тургихыг ч тоолгүй зогдроос нь барьж, хоолойг нь илж байна. Дунд­говь аймгийн Өлзийт сумын уугуул Бямбаагийн Мөнхбаатар хэмээх эл залуу “Би тэмээний эх нутгийн унаган хүү. Цахим ертөнцөд энд нэг хөөрхий тэмээ хэвтээд байна гэхээр өөрийн эрхгүй сэтгэл өмрөөд хүрээд ирсэн чинь эв эрүүл сайхан амьтан байна ш дээ. Тэмээний иддэг гол хоол чинь харгана бударгана голдуу говийн чанар сайтай ч тачирхан өвс ургамал. Энд яахав энэ муу амьтан амралтын газрын хог новш, уут сав идээд бөглөрчихсөн юм байх гэж бодсон чинь гайгүй юм шиг байна. Өлзийт суманд 1975 онд улсын тэмээчдийн зөвлөгөөн болж байсан манай улсын хамгийн олон тэмээтэй сум. Тийм ч учраас манай хамаатны ах, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Тэмээний нутаг” яруу найргийн түүврээрээ 1974 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж байсан юм билээ. Тэмээ өсгөсөн сумдыг урамшуулах “Мөнгөн буйл’’ шагнал бий болгоход 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн анхны баяр наадам зохион байгуулж тэмээний уралдаан, буйл зорох, бурантаг томох тэмцээн зэрэг шинэ ажлыг зохион байгуулсан байдаг. Тэмээгээ түмд хүргэсний учир манай Өлзийт сум мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдаж, дарга Н.Намшир “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж байсан түүхтэй” гэж ярьсан юм.

Биднийг ийн ярилцаж зогсоход хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон ширээ бөхт маань ганц хоёр хоргол унагалж хэсэг зогссоноо залхуурсан аятай ширман тавагтай хүнд хөлөө лагхийтэл нугалан хэвтээд хаврын наранд нозоорсон янзтай хивмэглэж, гоохгор хүзүүгээ ганайлган ийш тийш ширтэх аж. Тэнгэрийн хаяаны тэртээд сүүмэлзэх уудам говийн зэрэглээн дунд аварга заан мэт гуухалзаж явдаг эл амьтан хангайн сүр бараа ихт хадтай модтой уулын аманд нутгаа санан ижилгүйдэн гансарч байж ч магад юм. Энэ дашрамд нэгэн танилынхаа яриаг гэнэт санав. АНУ-ын Чикаго хотын амьтны хүрээлэнд найм есөн монгол тэмээ байдаг бөгөөд мань эрийг амьтны хүрээлэн сонирхож явтал нэг тэмээ үнэрлэж ирснээ торон хашааны цаанаас даган даган алхаж, нулимс бөмбөрүүлэн гунганатал буйлан үлдсэн гэдэг. Мөнөөх танил маань “Мал хүртэл хүнээс ухаантай байдаг юм билээ. Надаас яах аргагүй унасан нутаг нь үнэртсэн хэрэг” гэж байсан сан. Манайд л хэрэгждэггүй болохоос Америк болон баруун Европын өндөр хөгжилтэй улс оронд амьтны эрхийг хамгаалж жагсаал цуглаан болох нь ч олонтаа. Зэрлэг амьтад нь гэрийн тэжээвэр амьтан шиг хүн хараас ч үргэлгүй, зам харгуйгаар зорчин, хотын гудамж талбайгаар явж л байдаг. Харин амьтанд хүний хэрэглэдэг химийн бодисын хольцтой хоол унд өгөхийг хориглосон байдагчлан говийн гашуун ургамлаар хооллодог энэ тэмээ ч идээшиж амжилгүй хужир мараатай тойром бүрдээ санагалзан “нутгаа санахын өвчин”-д нэрвүүлэн хажуу бөөрөөрөө хавтгайлдан хэвтээ ч юм бил үү, хэн мэдэх билээ.

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, буурал найрагч Пунцагийн Бадарч гуайн

“Тэмээ-таван хошуу малын минь нэг

Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий

Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий

Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан

Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн

Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биөтэй заяасан

Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан

Нээрээ би тийм ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ” гэсэн сайхан шүлэг бий.

Усан нүдэн уяхан найрагч маань энэ шүлгээр 1988 оны “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзэн болж байсан. Монгол Улс 1975 оны мал тооллогоор 610 мянган тэмээ тоолуулсан бол 1985 онд 559 мянга, 1990 онд 537 мянган толгой тэмээтэй байж.

Малчдад мал очсоноор өссөн гэж хөөрөх хүн олон ч харамсалтай нь тэмээ гэдэг сайхан амьтан жилээс жилд цөөрсөөр байгаа нь нууц биш. 1990 оны үед хагас сая илүү тоологдож байсан тэмээ арван таван жилийн хойно гэхэд 254 мянга болтлоо хоёр дахин цөөрч, харин 2009 онд 277 мянга, 2014 онд 349 мянга болон өсөх хандлагатай байгаа аж. Тэмээ цөөрөх болсон шалтгаан нь махыг нь хиаман цехүүдэд шахах болсон, хүнсэнд өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Малын хулгайчид гэхэд тэмээг бэлчээр дээр буудаж унагаад, фургон машинд хоёр гурваар нь татуургадаж ачаад явчихсан тохиолдол олон байдаг. Мал аж ахуйн орон, нүүдэлчин түмэн гэдгээрээ цээж дэлдэн бахархдаг монголчууд аливаа мал, амьтныг “хутга тавилгүй найрлах” мах гэж хардаг болохоос тэгтлээ хайрлаж хамгаалах талдаа дэндүү маруухан улс. “Үндсэн хууль”-ндаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэж өргөмжлөн сүржигнэх атлаа тэмээгээ “Улаан ном”-д бичигдтэл “ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртсэн” нүгэл гэм яахын аргагүй бий.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *