УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
–Танай намын бүлгийн хурал ямар уур амьсгалтай болов?
-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар л ярилцлаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцсон.
–Та Таван толгойн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Таван толгойн төслийг УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газрын албан ёсны төсөл өргөн баригдаагүй байхад дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Ер нь Таван толгойн хэлэлцээрийг эхлэх үед МАН-ын бүлгээс надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан юм. Энэ хүрээнд тодорхой мэдээллүүдийг авсан л даа. Гэхдээ тэр хүрээнд дүгнэлт гаргахад учир дутагдалтай.
–Таван толгойг УИХ-аар хэлэлцвэл бүр ч гацна гэдэг байр суурь хүмүүст байна лээ…
-УИХ-ын дарга, дэд дарга нар хамтарч энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлээч гэдэг саналыг тавьсан гэж ойлгож байгаа. Тийм учраас Ерөнхий сайд нь УИХ-аар хэлэлцүүлнэ гээд зарлачихлаа. Мэдээж Таван толгойг ашиглах ёстой гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихсан байгаа. Тиймээс хариуцлагаа үүрч байгаа улс төрийн хүчин нь АН. Ирэх сонгуулиар, өнөөдөр чард түмнээр дүн тавиулах хүчин нь АН. Ийм учраас АН-ын дарга төслийн хувь заяанд ихээхэн санаа тавих ёстой.
–МАН-д хамаагүй юм уу?
-Гэвч Ерөнхий сайд нь эхэлж мэдэгдэл хийсний дараа УИХ-ын дарга чуулганы индрээс өөр агуулгатай үг хэлээд байгааг нь харахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа “гурван толгой” дотроо учраа олоогүй юм байна гэж л ойлгогдлоо. Тиймээс энэ “гурван толгой” учраа олчих юм бол асуудал шийдэгдэхэд амархан юм биш үү.
–Эдийн засаг хүнд хэвээрээ л байна. Уг нь Ардын намгүй бол АН улс орныг дампууруулах нь гэсээр байгаад танай нам засагт орсон байх. Өөрчлөлт байна уу?
-Бид бодит баримтыг үгүйсгэхэд хэцүү л дээ. 2010-2012 оны Монголын эдийн засгийн үзүүлэлтийг аваад үзээрэй. Үнэхээр өсөлттэй байсан. Ажил хийе гэсэн хүн бүр хуримтлал үүсгэж, баялаг бүтээх гэж хичээж байлаа. Гэтэл тэр үеийн Монголын эдийн засаг өнөөдөр гурван тэрбум ам.доллараар агшчихаад байна. Тэр хэрээр айл бүрийн амьдралд сүүдэр туслаа. Олон хүн ажилгүй боллоо. Үүний бурууг хэн нэгэн рүү чихэхээс илүү энэ хүндрэлийг яаж даван туулах вэ гэдэг гарцыг олох ёстой. Үнэнийг хэлэхэд улсаараа дампуурлаа зарлах уу.Эсвэл эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоож,өсөлтийн тухай ярих уу гэдэг сонголт дээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэхдээ хамтарсан засаг байгуулагдсанаар өргөс авсан юм шиг бүх зүйл сайжирна гэж байхгүй л дээ. Манайд нүүрлээд байгаа эдийн засгийн уналт том учраас гарцаа олох ёстой.
–Таныхаар ямар гарц байгаа юм?
-Нэгдүгээрт Таван толгойн төслийг яаралтай явуулах хэрэгтэй байна. Оюу толгой ч ялгаагүй. Хоёрдугаарт хүссэн хүсээгүй геологи, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг тодорхойлно. Тиймээс лиценз олголтыг зогсоохоос эхлээд энэ салбарт гараад байгаа эрсдлүүдийг багасгах ёстой. Ингэж чадвал хоёр тэрбум ам.долларын бизнесийн эргэлт гарах байх. Гуравдугаарт эрчим хүчний том төслүүдийг явуулах хэрэгтэй. Таван толгойн, Тавдугаар цахилгаан станц зэргийг байгуулах тухай асуудал. Энэ тал дээр зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгж чадвал гадагшаа урсаад байгаа валютын урсгалыг багасгана. Гаднаас авах эрчим хүч багасна. Дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Дөрөвдүгээрт Зүүн Азийн бүс нутаг руу чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид гаргах хэрэгтэй. Үүний тулд мах, улаанбуудай, рапсын найдвартай ханган нийлүүлэлтийн системийг бий болгох ёстой. Тавдугаарт Японтой байгуулсан шиг эдийн засгийн түншлэлийн гэрээг худалдааны түнш орнуудтайгаа байгуулах ёстой. Миний өргөн барьсан Худалдааны тухайхуулийг баталбал энэ чиглэлд нэлээд боломжууд нээгдэхээр байгаа даа.
–Энэ бол богино хугацаанд шийдэгдээд хэрэгжих ажлууд мөн үү. Урт хугацаанд үр дүн нь мэдрэгдэх байх…
-Бодлогууд нь тодорхой болоодулс төрийн шийдвэрүүд нь гараад, гадна, дотнынх нь асуудал шийдэгдчихсэн ажлууд шүү дээ. Засгийн газар шаардлагатай гэвэл заримыг нь УИХ-аар оруулаад шаардлагагүй гэвэл өөрсдөө шийдээд явах боломжтой.Гэтэл нэг хоёрхон шийдвэрээс болоод гацчихсан зүйлүүд байна. Жишээ нь Монголд эрчим хүчний станциуд барьсны дараа Монгол Улс нэг киловатт эрчим хүчийг ямар үнээр худалдаж авах вэ гэдэг дээр маргаан үүсчихээд л гацчихсан байх жишээтэй. Уг нь энэ асуудлыг шийдэж, зөв хөдөлж чадвал Монгол Улс ойрын таван жилд Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан экспортлогч орон болж чадна шүү дээ. Тэгсэн тохиолдолд дотоодын эрчим хүчний үнийг бууруулах боломж бүрдэнэ. Тийм учраас зоригтой шийдвэр хэрэгтэй гээд байгаа юм. Гэтэл шийдэхгүй байна л даа.
–Тэгэхээр Засгийн газар ажиллахгүй байна гэсэн үг үү?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газар эрчимтэй ажилла, юм хийх гэж оролдож байна. Харамсалтай нь улс төрийн дэмжлэг үзүүлэх ойлголцлын болон зарим үед хувийн эрх ашгийг хойш нь тавиад хөдлөх эр зориг дутаад байгаа юм болов уу гэж харагдах юм.
–Танай нам засагт ажиллаж байгаа сайд нараа, ер энэ Засгийн газрыг хэр дэмжиж байна вэ?
-Хариуцсан салбарынхаа асуудлыг УИХ-д оруулж ирэхэд нь манай нам дэмжээд л явж байгаа. Гэхдээ Засгийн газар асуудлаа зөв таниулах, мэдээллээ зөв өгөх, парламент, Засгийн газрынхамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр дутуу ажиллаад байна. Намрын чуулган хаах үед эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Үүний хэрэгжилт хэр байсан тухай Засгийн газрын тайланг УИХ дээр сонсох л хэрэгтэй байна.
–Тайлагнасан, тайлагнаагүй хэрэгжилт нь хэр байсан нь тодорхой биш гэж үү?
-Засгийн хийж байгаа ажлын талаар бидэнд танилцуулга орж ирээгүй л байна.
–Хэрэгжилт сайн байгаа бол эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөө гарах байсан байх. Эдийн засгийн үзүүлэлт сайжрахгүй байгаа нь тэр төлөвлөгөө хэрэгжээгүйн баталгаа биш үү?
-Засгийн газар эдийн засгийн чиглэлээр арга хэмжээ авч л байна. Гэхдээ үүнийгээ танилцуулах ёстой. Тэгж байж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлнэ л дээ. Өнөөдөр сонгуулийн чимээнээр рейтингээ өсгөх, олон нийтэд нэрээ таниулах гэхээсээ илүү Монгол Улсад бодитоор ямар бэрхшээл тулгарчихаад байна, гарц нь юу байна гэдгийг ул суурьтай ярилцах нь зөв.Түүнээс биш шүүмжлэлийг хэн ч хэлж чадна. Хэн ч уул уурхайг муулж бас чадна.
Үнэндээ Монголын нийт экспортын 80 гаруй хувь, бүтээж байгаа баялгийн 60 гаруй хувь нь уул уурхайн салбарт оногдоод байна.
Гэтэл энэ салбарыг хамгийн ихээр муулж, ус цацсаар байна шүү дээ. Ийм байдлаар зарим хүн рейтингээ өсгөж, дараа дараагийнхаа улс төрийг хийж байна. Энэ синдром сүүлийн арван жил эрчимтэй явлаа. Энэ нь нийгэмд талцал бий болгож байна. Тийм учраас өнөөдөр үндэсний ойлголцол хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь иргэд, хэвлэл мэдээлэл, төр засгийнхан бүгдээрээ өөр өөр мэдээлэлтэй байгаа учраас дүгнэлтүүд нь өөр өөр гараад байна л даа. Тиймээс төр, ард түмний харилцаа салчихаад байна.
–Тэгэхээр одоо яах ёстой вэ?
-Үндсэн хуулиас эхлээд том хуулиуддаа өөрчлөлт хийх замаар засах л ёстой. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал бий болж мэдэхээр байна. Яагаад энэ тухай яриад байна гэхээр өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагууд дүгнэлтүүдээ зарлалаа. Азийн хөгжлийн банк тайландаа Монголын ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлтийг дунджаар дөрвөн хувь гэж тооцсон байна шүү дээ. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн өсөлт нь дөрвөн хувь байвал юу болох юм. Байдал бүр хүндэрнэ. Тэгэхээр бид олон улсын байгууллагуудын дүгнэлтийг анхааралтай ажиглах л хэрэгтэй байна. Тэрнээс биш дотооддоо хэрэлдэж, хэн нь гишүүн, хэн нь дарга байх тухай яриа одоо сонин биш. Улс дампуурахад ойрхон болчихлоо шүү дээ.
–Популистуудын “хашгираан” эдийн засгийг агшааж, хөрөнгө оруулалтыг бууруулахад нөлөөлсөн гэж үзэх нь бий. Үүнийг болиулахын тулд л зөвшилцлийн Засгийн газар байгуулна гэж хэлээд Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан. Тэгвэл хүмүүсийн тархийг угаагаад байгаа популистуудыг засагт оруулаад түр дуугүй болгочихож болдоггүй юм уу?
-Бие даагчдад төр барих нэгдсэн бодлого байхгүй л дээ. Тиймээс засагт оруулна гэдэг нь хүндрэлтэй. Коммунист ч бай, ардчилсан орон ч бай бүгдард түмний төлөөллийн замаар төр барьдаг систем дэлхийд ноёрхож байна. Тиймээс бие даагчдаар бодлого тодорхойлуулдаг орон одоогоор алга. Сүүлийн үед анзаараад байхад уул уурхайн салбарт мэргэжлийн хүмүүсийн дуу бага сонсогдоод байна. Үнэндээ Монгол хийрхэлтэй хөөрлийн нийгэмд шилжчихээд байна. Ийм нийгэмд үнэн үг сонсогддоггүй гэдэг шүү дээ. Асуудлыг гадарладаг мэддэг мэргэжлийн хүмүүс нь улам дуугаа хураасаар байна. Энэ нь сөрөг дохио. Их мэдэгчид тайзан дээр гол дүрд түлхүү тоглоод байвал хошин шогийн жүжиг болж хувирна шүү.Тиймээс системээр нь өөрчлөх ажлыг бодож л хийх хэрэгтэй.
–Монгол мөнгөгүй болж байна. Намар гэхэд цалингаа тавьж чадахгүй гэх л юм…
-Үнэндээ сая хамтарч засаг байгуулаагүй бол энэ оны нэгдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүй байсан байх шүү. Хэрэв саяын миний хэлсэн төслүүдийг урагшлуулахгүй, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол энэ оны дөрөвдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүйд хүрч магадгүй шүү.
–Одоо тэгээд яамаар юм дээ?
-Хамгийн түрүүнд бид итгэлцэл хэрэгтэй байна. Дотооддоо нам, хүн, бизнес хоорондын итгэлцэл нэн шаардлагатай байна. Гадна талд итгэлцэл бүр алга. Статистикаас гаргасан 2015 оны нэгдүгээр улирлын эдийн засаг, нийгмийн байдалд хийсэн дүнг аваад үзлээ. Хасах 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайхаас гадагшилсан байна. Бид юун хөрөнгө оруулалт татах. Иргэд манайхаас мөнгөө гадагшлуулсан байна. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагч Монголд буян хийх гэж орж ирдэггүй. Би танайд ийм хэмжээний мөнгө оруулж ирнэ, танайх ийм, манайх ийм ашиг хүртэнэ гэдэг тооцоотой орж ирдэг. Гэтэл ийм байдлаар тооцоод үзтэлитгэл төрөхгүй байвал тэд шууд гардаг юм байгаа биз дээ.
–Таван толгойг УИХ-аар хэлэлцэнэ гэхээр гадныхан “Өө мөд бүтэхгүй юм байна” гээд итгэл алдах юм биш үү?
-Ямар ч байлаа гэсэн Таван толгой, Оюу толгойн төслөө явуулах л хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг бид ойлгох ёстой. Монгол Улс дэлхийн зах зээлийг тодорхойлох гол тоглогч биш. Жишээ нь Хятад улс өнгөрсөн жил 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байгаа юм. Үүнээс арав гаруй хувийг нь гаднаас авсан. Үүнийх нь ердөө 0.8 гаруй хувийг бид нийлүүлсэн байдаг. Тийм учраас Хятад улс манайтай, манайгүй болж байна.
Дээрээс нь өнөөдөр дэлхийд зах зээлээ булаацалдах эдийн засгийн том дайн явж байна. Энэ дайнд Монгол Улс зарим орны эрх ашгийг хөндөж байгаа. Тухайлбал, Хятад руу чиглэсэн эрдэс баялаг нийлүүлэгч болох гэж байгаа болон болчихсон орнуудын эрх ашгийг Монгол Улс хөндөж байна. Тийм учраас манай зах зээл дээр гадны гар хөл болсон, өөрийн эрх ашгаа дээдэлсэн хүмүүсийн тоглолт яваад байна л даа. Ер нь бол зах зээл өөрийн гэсэн мөчлөгтэй. Зах зээлийнхээ жамаартүүхий эдийн үнийн бууралтаас ч юм уу, улс төрийн аливаа шийдвэрээс болоод эдийн засгийн уналт, өсөлтийн мөчлөг төрөөс хамаарахгүйгээр явагддаг. Энэ мөчлөг ирэхэд бид яах вэ гэдэг тогтвортой бодлогоо л гаргачихсан байх ёстой.Эдийн засаг уналаа гээд уйлж гүйгээд байхгүй. Өслөө гээд дэвхцээд байхгүй. Тогтвортой бодлого барих ёстой. Нэг жишээ хэлье. Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг алдаа “Чалко”-той хийсэн гэрээг цуцалсан явдал. Өмнөх Засгийн газар 10 жилээр нь 70 ам.доллараар нүүрсээ өгье гэдэг гэрээ хийчихсэн. Өмнөх арван жилийн нүүрсний үнийн дундаж нь 50-60 ам.доллар байсан учраас ирэх арван жилийн дундаж нь 70 ам.доллар байна гэж тооцоолоодл 70 гэдэг тоог тохирсон. Нүүрсний үнэ 110 ам.доллар хүрсэн ч, 30 болсон ч 70 ам.доллараараа байна гэдэг гэрээг хийсэн байлаа. Гэтэл 2012 онд нүүрсний үнэ 110 ам.доллар болохыг хараад Н.Алтанхуягийн Засгийн газар “40 ам.долларыг хятадуудад идүүлж байна” гэж үзээд гэрээг цуцалсан. Хэтдээ нүүрсний үнэ унахыг тооцоолчихсон суусан “Чалко” уухайн тас зөвшөөрсөн явдал. Хэрэв “Чалко”-гийн гэрээг цуцлаагүй бол манай нүүрсний зах зээл ингэж хямрах ч байсан юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр төрийн тогтвортой бодлого байхгүйн гай ердөө л энэ. Алтны татвараа 68 хувь болгосноо маргааш нь хоёрхон хувь болгоод байгаа Монгол Улсыг гадныхан гайхаад ч барахгүй, тэгээд итгэл алдаад байгаа юм шүү дээ.
–Тогтвортой бодлого гэжяриад байдаг хэрнээ танай нам засагт орчихоод төрийн албан хаагчдыг халахаас эхлээд тогтвортой бодлогынхоо эсрэг юм хийгээд байгаа юм биш үү?
-Хүн халж байна гэдэг байдлаар харахгүй байна. Төрийн алба мэргэжлийн биш болчихсон байлаа шүү дээ. АН 12 жил цөөнх байсан учраас боловсон хүчнээ бэлтгэх тал дээр учир дутагталтай байгаа нь аргагүй. Үүнийг цэгцэлж байгаа хэрэг шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ