Categories
мэдээ цаг-үе

Баянаа аваргыг амжилтаараа ардаа орхисон БААТАР БҮСГҮЙ

“О.Гүндэгмаа баатар 2016 оны олимпод оролцохоор болжээ, эрхийг нь авчихаж. Энэ олимп түүний зургаа дахь нь” гэх мэдээ монголчуудыг баярлууллаа. Ийм том амжилт гаргасан тамирчин бүсгүйг “Өдрийн сонин” бямба гаригийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин,зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин О.Гүндэгмаа БНСУ-д болсон олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэнээр Риог зорих “тийз”-ээ авсан юм. Ингэснээр тэрээр ирэх олимпод оролцох эрхээ өвөртлөөд байгаа манай хоёр дахь тамирчин болж байгаа юм. Уншигчдад сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Хонконгод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа амжилттай оролцож “Рио-2016” олимпийн наадмын анхны эрхийг эх орондоо авчирсан билээ.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 онд Атлантагийн олимпод анх өрсөлдсөн. Тэр олимпод 25 метрийн гар бууны төрөлд тав, 10 метрийн хийн гар бууны төрөлд гучдугаар байрт орсон байдаг. Дараа нь 2000 оны Сиднейн олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд ес, 2004 оны Афины олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 дугаар байрт орсон. Ингээд 2008 оны Бээжингийн олимпод од нь гийж 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн нь түүний олимпоос авсан анхны медаль байсан юм. Харин 2012 оны Лондонгийн олимпод өмнөх амжилтаа ахиулж чадаагүйгээр барахгүй олимпийн мөнгөн медаль хүртсэн төрөлдөө дөнгөж 27 дугаар байрт орсон нь олон шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалсан үйл явдал болсон. Гэсэн ч спорт сонирхогчдын хувьд “Гүндэгмаад дахиад хоёр, гурван олимпод хүч үзэх чадал бий. Тэр тийм чансааны тамирчин. Дэлхийд эрэмбэтэй буудагч бүсгүй шүү” гэж сэтгэлдээ далдхан итгэл тээж байсан билээ. Олон хүний итгэлийг мэдэрч байсан тамирчин бүсгүй маань олимпоос хойш хувийн амьдрал болоод спортын бэлтгэлээ чадварлаг хослуулснаар сая “Дэлхийн цом”-оос алт авч олимпийн эрх хүртэв. Зургаа дахь олимпдоо ийнхүү оролцохоор болсон нь Монголын спортын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Х.Баянмөнх аварга, О.Гүндэгмаа нар олимпод таван удаа оролцсон гэдгээрээ бусад тамирчдыг тэргүүлж байсан. Харин О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцохоор болж, энэхүү амжилтаараа Х.Баянмөнх аваргыг ардаа орхиж байна.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спортын амжилтаараа, хувь амьдралаараа ч үргэлж олны хараанд өртдөг. Түүний нөхөр Х.Цагаанбаатар манай өнөө цагийн шилдэг тамирчдын нэг. Дэлхийд топ-д тооцогддог жүдоч. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ханийнхаа амжилтаар бахархаж “Олимпийн эрх хүртсэн ханьдаа баяр хүргэе” гэж өөрийн цахим хуудсандаа мэдэгджээ. 21 жилийн турш спортод зүтгэж яваа О.Гүндэгмаад Монголын ард түмэн хэзээд итгэдэг. Олимпийн өмнөх таамагт түүний нэр ямагт явж “Гүндэгмаа ямар нэг медаль хүртэж л таараа” гэцгээдэг. Энэ удаад ч олон нийт түүнд итгэж “Гүндэгмаа дараа жил юм дуулгана шүү” гэсэн найдвар тавьж байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *