Categories
мэдээ цаг-үе

Сулинхээрээс ирсэн захидал буюу Говьсүмбэрийн анхны арвынхан

Өвөр эгнээнд баруун гар талаас А.Уранчимэг, Б.Энхсайхан, VIII анги цуг төгссөн М.Нямдорж, С.Дулмаа, Ч.Эрдэнэбилэг, Арын эгнээнд баруун гар талаас Т.Болдбаатар, М.Оюунчимэг, М,Баяраа, Ж.Сайнтуяа, Б.Туулцэцэг, Ж.Оюунчимэг, нөгөө ангийн С.Цэцэг-Өлзий нар

“Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” буланд мянга мянган уншигчдын маань төлөөлөл болох хөдөө орон нутгийнхан ихээр ханддаг билээ. Энэ удаад Говьсүмбэр аймгийн анхны арван жилийн сургуулийг 1978 онд төгссөн ангийнх­ны тухай хүргэж байна.

Дорноговь (тэр үеийнхээр) одоогийн Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын ажилд ахиц дэвшил гарч аймгийнхаа хойд захын суманд 1976-1977 оны хичээлийн жилд шинээр 10 жилийн сургууль байгуулсан юм. Аймагтаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо цээжний сумдын нэгэн, дэд бүтцийн боломжоор дөнгүүрт тооцогддог улсдаа төдийгүй Ази тивд цор ганц каракулийн САА-тай Сүмбэр суманд шүү дээ. Тэртэй, тэргүй хүн амын нягтрал, суурьшил ихтэй аймгийн төвийн сургуулиудын ачааллыг зайчлан зохицуулж өмнөд бүс (Иххэт, Замын-Үүд, Эрдэнэ, Өргөн, Далан­жаргалан, Айраг сум, Зүлэгт тосгон)-ийн сумдын наймдугаар анги төгсөж дэвшин суралцагчдыг шинэ сургуульд төвлөрүүлж тус бүр 30 гаруй хүүхэдтэй хоёр бүлэг хичээллэж эхэлсний нэг нь математик, геометрийн багш Ц.Жамсран багшийн удирдсан 10-ын “А” харин нөгөө нь орос хэлний багш Д.Банзрагчийн удирдсан 10-ын “Б” бүлгийнхэн байв.

11 банди, 22 охидтой манай ангид унаган нутгийн Ш.Дашравдан, Жанчивын Оюунчимэг, Чимэддоржийн Эрдэнэбилэг, Лодойн Цэнд-Аюуш, Дамбилын Хандаа, Авирмэдийн Хүрэлбаатар, Аюурзанын Уранчимэг, Доржийн Цэрэн, Батсуурийн Энхсайхан, Сангидоржийн Дулмаа, Түвшингийн Ганхуяг, Цэрэндоржийн Лхагвасүрэн, Цэрэннадмидын Эрдэнэмөнх, Даваажавын Ганболд, Дэндэвийн Мөнх-Од, молхи бичээч Төмөрийн Болдбаатар нар дээр бүл нэмж, Өргөний яруу алдарт илгээлтийн эздийн төлөөлөл Мэдэхгүйн Баяраа, Жалбуугийн Сайнтуяа, Замын-Үүдээс флатформоор гангардаг Маньбадарын Наран­цэцэг, “Лензочки”-той Махбалын Цэнд-Аюуш, олон жилийн хойдохыг баахан өөдрөг, хийсвэрээр зөгнөж дөнгөдөг Төмөрбаатарын Жар­галсайхан, Иххэтээс Идэр­лутын Хүүхэнбат, “Пельник” Ишгомбын Цэнд-Аюуш, Айрагаас “Жүү” Рэнцэнгийн Амарсайхан, Хажуу-Улаанаас Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг нар, аав ээжийнхээ ажлын шаардлагаар бага ангид хэсэг хамтдаа суралцаж завсарласны дараа өөр нутгаас ирж нэгэн ангийнхан болсон Айрагийн Манлайн Оюунчимэг, Сандагдоржийн Байгальмаа, Сурмаажавын Цэрэнханд нар маань геологичдын удмынхан. Энэ зүгээс ирсэн есөн охины “Номин эрдэнэ” нь мөн адил Тэрбишийн Баасанжав байлаа.

Их сургууль төгсөх жил. И.Дашравдан бид хэд

Санасан дээрээ тодотгоход Хэнтийн Өмнөдэлгэрээс гарвалтай Д.Мөнх-Од, мань Т.Баасанжав хоёр 1978 онд төгссөнөөсөө хойш хамгийн он удаан жил, сараар сураг ажиггүй, зэлүүд явсан нөхөд. Сонин байгаа биз. 30 гаруй жилийн өндөрлөгөөс алдрай багын нөхөд рүүгээ нөр их санаачилгатай хандаж эхэлсэн Бааска чухамхүү ховор олдоцын түүхэн хөвгүүн. Нутаг ус, эцэг, эх, гэр бүлийн нөлөө төлөвшил ондоо, нүүр хагарч завдаагүй бидэнд намрын ажил анхны сорилт байсан болов уу. Сумдаас ирсэн охид ганц хоёр хөвгүүдээ тойрон хүрээлж эр хүнийх нь нөмөр нөөлөгт хургаж, түшиг тулхад найдаж байсан шиг санагддаг. Говьдуу бүсийн II фермийн хэд хэдэн бууцны хөрзөн ховхлох ажилд шамдсан манай ангийнхан ус, хүнсээр нэг бус хоногоор гачигдаж ангийн даргаа сумын төв рүү замын унаанд дайгаад явууллаа.

Сурагч надад САА-н даргын албан өрөө урт, цэлгэр гэж тоймгүй, ээрч бааран хэдэн үг хэлэхээс бараг урьтан нааштай хариу өгч орой бүрийгээр гар хоосон очиход сар жилээр уулзаагүй амьтан, ах дүүгээ тосох мэт хэдэн хөвгүүд маань дээш өргөж сэвээд л. Буугаад юу гэж хэлж хуйхаа маажна даа гэхээс тун эвгүй байсан юм даг. Ажлаа дуусаад гэртээ ирэхэд хэзээ язааны найз нөхөд болчихсон байсан. Хиргүй тунгалаг, хар сэргүй, санаа гэдэг гайхамшигтай аугаа зүйл. Дов дошны үзэл, он жилийн ялгаа гэж байсангүй. Тэр үеийн цэрэг армийнхан шиг. Сургалтын онцлогоос болж орос үгийг өдөр тутмын харьцаа хандлагад илт түлхүү хэрэглэдэг байлаа. Конкурст бэлтгээд зав чөлөөгүй байгаа хэрнээ Их дэнжийн баруунтайх нуурын зүлгэн дээр хичээлээ унших зуураа амжуулаад л “Айл гэр” болоод тоглочихно. Эрххэн бага настайгаа зууралдсан нялхамсуу зантай байж. Манай анги Сайншанд хотод очиж уралдаан шалгалтад ороод 33 хүүхдээс 18 нь их, дээд сургуулийн хуваарь авч төгсөлтдөө манлайлж байлаа. Одоогоос 36 жилийн тэртээ.

Хагас бүтэн сайн болгонд цэргийн сургуулийн хэдийг ээлжлэн эргэж очдог байлаа.

Амьдрал асар их тойрог хойно төгсөх, эс төгсөх явдал байх. Хэдэн хөвгүүдийн маань тэн хагас нь цэргийн тусгай болон дээд боловсрол эзэмшин, мөрдэстэй хувцас өмсөцгөөсөн нь туйлын үнэн ч ЦТДуС төгссөн А.Хүрэлбаатар, ЦНДС төгссөн Т.Жаргалсайхан, Л.Хүүхэнбат, Ц.Эрдэнэмөнх нар маань мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Цэргийн офицероор гавьяаны амралт эдэлтлээ ажилласан “Нүдэн” Лхагваа маань тэтгэврээ тогтоолгож, тэтгэмжийнхээ хэдийг авмагц Сөүл рүү явж явж, саяхан ирсэн сурагтай, уулзалдаж амжаагүй л явна.Конкурст явахын өмнө Жагаа маань даргын индэр (багшийн ширээ)-т гарч бага зэрэг оршил хийж, биднийг дотоод, гадаадын нэр хүндтэй сургуулиудад зөн билгээрээ хуваарилчихав. Цугаараа шүү. Бас нэгэн сонин дурсамж. Аймгийн төв хачин халуун, бүгчим газар гэсэн яриа чих дэлсээд 9-ийн дэлгүүрт байсан сийрсэн малгайг хуу дуусгаж байлаа. Нараа, Булнай, Баяраа, Сайнка тансаг хэрэглээнд дуртайгаараа агент “Донхор” хэмээх Дампил гуайн эрх гүнж Хандаа нар л лав вокзал хавийг чимж өгсөн.

Манай ангийнхан төмөр замын байрныхан (Б.Энхсайхан, Д.Цэрэн, А.Уранчимэг, Мяч Д.Ганболд), гэр хорооллын (ХБА-ийн шар Чимэд гуайн Эрдэнэбилэг, шанзчин Хандаа, манайх, унзад Лодой гуайн Цэнд-Аюуш, өндөр Ишрэнцэн гуайн Дашравдан эднийхэн айл, А.Хүрэлбаатар, эвлэлийн үүрийн дарга, X ангиа онц дүнтэй төгсөж алтан медалийн эзэн болсон хайгуулын ахмадууд Жанчив, Цэвэлмаа гуай нарын охин Оюунчимэг, гэрлийн Долгор гуайн онц сурлагатан охин А.Уранчимэг, хууль-цаазын дунд сургуулийг онц төгсөж МУИС-ийн хууль зүйн ангид элсэн суралцсан Сангидоржийн Дулмаа, дотуур байрны М.Оюун, С.Цэрка, Т.Жагаа, Т.Бааска, Л.Хүүхэнбат, Л.Амарсайхан, М.Баяраа, Ж.Сайнка, С.Байгаль, Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг, төмөр зам гаталдаг Ц.Эрка, сургуулийн ойролцоох байранд (Д.Мөнх-Од, “Саятан” Т.Ганхуяг, Б.Цэндхорол), богино дэнжийн (цэргийн нэхий дээлээр гангардаг Эрдэнээгийн Энхтөр) гэсэн байрлалтай байлаа. Их дэнжийн хэд эгнээ болгонд нэг нэгээрээ байх. Эрт босож шалгалтын билет унших, шөнө оройд бие биенээ хүргэж өгөх, даалгавар энэ, тэр асуухад дөхөмтэй байж гэм. Одоотой адил утас, шөрмөс сураггүй байлаа.

Урлаг, спортоор параллель ангитайгаа ана мана. Ер нь л жигд хүүхдүүд, эв түнжин сайтай нөхөд юмсан. Ердөө энэ намар Айргийн олон арван жил нүүр царайгаа харалцаагүй Бааска төрөлх нутгаараа шүргээд буцах замдаа Чойрт он удаан жил тогтвор, суурьшилтай амьдарч буй Л.Аюуш, Д.Хандаа бид гуравтай бишгүй хууч дурсамж ярьж, зоогийн газрынхны нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгож аваад буцсан. Хичнээн сайхан. Даанч цаг яваад л, олон эхтэй яриа хөврөөд л Хандаа “Одоохон, одоохон” гээд байдаггүй. Дахиад утасдтал “Би зуурмагаа хийж байна. Нөгөө хөдөлмөрийн хэлтсээс авсан жаахан юмаараа” хэмээхэд цаана нь яалт үгүй техник төхөөрөмжийн дуу гараад. Миний бие их мэдэгч царайлаад Л.Аюушид “Цаадах чинь төслөөр зээл авч, блок цохиулж байгаа хэрэг” гэж цэцэрхтэл, юуных нь зээл, блок байхав, нарийн боовны зуурмаг санж. Бөөн инээдэм. Мөн гүйлгээ ухаан шүү. Аюуш ч хэзээнээсээ инээд муутай охин доо. Өрөөлд нэмэр хачир болж сүйдээ холихгүй ч өөртөө зөв аж ахуй эрхэлж хөл дээр нь тэнцвэржүүлээд яваа Ж.Сайнтуяа (Дорнод аймгийн ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Шинэбаярын гэр бүл), жендерийн асуудал сураг ажиггүй байхад, мэдрэмжээрээ үндэслэгчдийн нэг гэхэд дөвийлгөж хэтрүүлсэн болохгүй Эрдэнэ сумын Төвд гуайн бэр, ихрийн ээж Манлайн Оюунчимэг, “сар улирлаар ч холдоход бэрх байна” хэмээн нулимс мэлмэрүүлж асан М.Баяраа нартайгаа уулзалгүй хэдэн ч жил болоо вэ.

Өнгөрсөн жилийн хавар нөгөө ангийн хүү, МХУЗ-ын багш Т.Пүрэвсүрэнгээс “1978 он. Анхны 10-р анги төгсөлт, анхны улсын шалгалт, анхны уралдаант шалгалт гэх мэт бүх зүйл анхных байлаа. Магадгүй зарим нөхдийн минь анхны хайр, догдолж гэрэвшсэн анхны болзоо, ичингүйрч зовнисон анхны үнсэлт ч сургуулийн минь хоёр давхар шар барилгын хаа нэгтэй дурсамж болон мөнхрөн үлдсэн биз ээ. Энэ үед бид хөөрүү дэврүүн сэтгэл, гэнэн мөрөөдөл тээсэн, амьдрал таниагүй, гэмгүй зүггүйрхэл дагуулсан 17-18 настнууд явлаа хөөрхий. Бие биенээ дагаж дэрвэсэн хийрхэл, хөөрүү дэврүүн сэтгэлийг минь дарж, хүн болж хөлөө олоход багш нар минь зааж зөвлөж заримдаа зандарч загнаж зөв замд хөтөлснөөр өнөөдөр сайн сайхан явна.

Биднийг сурч байх үед газар, газраас шигшмэл сайн хүүхдүүд нэгэн дор хуран цуглаж бие биетэйгээ өрсөлдсөн цагаан атаархал хүүхдүүдийн дунд өрнөж байсан нь сурлага хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй сургуулийн маань сургалтын чанарт тодорхой хэмжээгээр ахиц үзүүлсэн нь дамжиггүй гэж бодож явдаг. Химийн багш Г.Мятавдоржийн “Өө, чи иймхэн юм мэдэхгүй байгаа юм уу. Хөөрхий ч амьтан бол доо” гэсэн үг бидний хор шарыг малтаж, дахиж тэгж хэлүүлэхгүй байхын төлөө зүтгэхэд хүргэдэг байлаа” гэсэн захидлыг урд хилийн наахантай Сулинхээрээс ирүүлсэн нь нэгэн сонин. Товчхон дурсамж тэрлэгч би бээр, 1968 онд сургуульд орохдоо багш нараас тавьсан асуултад навс унаж байсан түүхтэй хүн.

” … Аль аймаг вэ?

-Сүмбэр аймаг

Овог хэн бэ?

-Овог байхгүй…” гэчихээд хээвнэг зогсож олны дуу шуугианд баахан бишүүрхэж байсан гэдэг. Энгийнээс энгийн 10-ийн “А” ангийн хүүхдүүд, жирийнээс жирийн 50 өнгийсөн настнууд багын найзууд минь бахь байдгаараа ирэх хаврын дунд сард баяр хөөртэй уулзацгаая.

Ангийн дарга, сэтгүүлч Т.БОЛДБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *