Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах “Дуулиан 2020” ес дэх удаагийн тэмцээний аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш хоёр өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болнох учиртай.
Өнөөдрийн тэмцээн өглөө 09:00 цагт охидын 17 хүртэлх насны ангиллын “Хас Банк” ивээн тэтгэгчтэй “Амгалан цогцолбор” сургууль, “Миг Даатгал”-ын 92-р сургуулийн багийн тоглолтоор эхлээд байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 15 насны шигшээ баг хүндэт зочидтой нөхөрсөг тоглолт хийх аж.
Тэмцээн таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ. III дахь шатанд нийслэлийн 9 дүүргийн 184 багийн 1800 тамирчид шалгаран Аваргуудын Лигийн тоглолтын дүрмийн дагуу зочин, талбайн эзэн багийн дүрмээр тус бүр 2 тоглолт хийсэн юм байна.
Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр “Их талын Дуулиан” ТББ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцож буй багуудын ивээн тэтгэгчээр 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон байна