Аваргуудын лигийн шилдэг наймын халз тулаан Испанийн хоёр багийн өрсөлдөөнөөр эхэллээ. Нэг улсын, нэг хотын нутаг дэвсгэрт орших энэ хоёр баг ноднин жилийн Аваргуудын лигийн финалд учирч тоглосноос хойших хугацаанд нийтдээ долоон удаа янз бүрийн тэмцээнд таарч тоглоход “Реал” өөрийнхөө “дүү” “Атлетико”-г нэг ч удаа ялж үзээгүй. Тэр бүү хэл сүүлчийн учраа буюу Испанийн аваргын тэмцээний нэгэн шатанд таарахдаа 4:0-ээр хожигдож хөгжөөн дэмжигчдээ гомдоож билээ. Тэгвэл өчигдрийн тулаанд “Атлетико”-г мөн л барсангүй. “Атлетико” багийн ахлах дасгалжуулагч Диего Симионе өрсөлдөгчөө дэндүү мэдэхээс гадна тэдний хамгаалагчид “Реал”-ын том, тод одуудын хөдөлгөөнийг дэндүү “уншдаг” болчихжээ. Тиймдээ ч энэ тоглолт хэтэрхий зууралдсан, хүлээлттэй, хэн нэгнийгээ тандсан байдалтайгаар үргэлжилсээр 0:0-ээр дууслаа. “Реал”-аас Бэйл, Родригес нар боломжоо ашиглаагүй бол “Атлетико”-гийн Манжукович тоглолт дуусах мөчид ялалтын оноог авчрах алтан агшинг “чулуу” болгож чадсангүй.
“Атлетико” Испани – “Реал” Мадрид .Испани 0:0 (0:0, 0:0)
«Висенте Кальдерон»
“Атлетико” – Облак, Хуанфран, Миранда, Годин, Сикейра, Туран, Габи, Суарэс, Коке (Торрэс, 83), Гризманн (Гарсиа, 77), Манжукич.
“Реал” Мадрид – Касильяс, Карвахаль (Арбелоа, 85), Варан, Рамос, Марсело, Модрич, Кроос, Хамес, Бэйл, Бензема (Иско, 76), Роналду.
Шар хуудас:Манжукич (55), Гарсиа (80), Рамос (80), Суарэс (85), Марсело (89).
Азтай “ЮВЭНТҮҮС”
Италийн Турин хотын баг өчигдөр, өөрийнхөө нутагт Францын “Монако” багийг хүлээн авч тоглолоо. Италичууд Аваргын лигийн шилдэг наймд багтсан хамгийн сул багийг “гэртээ” авчраад тоглохдоо эхний үед бараг л хожигдох шахлаа. Пирло, Видаль, Эвра гээд бүгд л алдаа гаргаж багаа хөөдөх шахав. Харин “Монако”-гийн хөлбөмбөгчид эхний үед хүний нутагт тоглож байгаа гэхээргүй цоглог байж, хөдөлгөөнтэй хурдтай наадаж байсан ч тэдэнд гоол оруулахад жижигхэн мөчлөг л дутаж байлаа. Жишээ нь, Карраског багахан аз түшсэн бол тооны харьцаа Францын багийн талд үлдэхээр байв. Хоёрдугаар үе эхлээд “Ювэнтүүс” байдлыг намжааж тэнцвэржүүлж эхэлсэн ч гэлээ гоол хийхээр моментууд бага байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм үед “Ювэнтүүс”-д Чехийн шүүгч Краловиц асар их тус хүргээд байгаа нь илт анзаарагдаж байв. Торгуулийн цохилт өгсөн энэ мөчийг эргээд харахад үнэхээр ичмээр. Нэгдүгээрт, Моратэи торгуулийн талбайд унаагүй. Хоёрдугаарт, тэр Карвальюгийн хөлд өөрөө орооцолдож унаж буй харагдсан. Ерөнхийдөө азтай “Ювэнтүүс” муу багийг сайн шүүгчийн тусламжтайгаар 1:0-ээр хожиж чадлаа. Хариу тоглолтод иймэрхүү байвал италичууд дараагийн шатанд шалгарна гэдэг итгэл бага л байна.
“Ювэнтүүс” Итали – “Монако” Монако 1:0 (0:0, 1:0)
“Ювэнтүүс Стэдиум”
Гоол:1:0 – 57, торгууль. Видаль.
Ювентус – Буффон, Лихтштайнер, Бонүччи, Кьеллини, Эвра, Маркизио, Пирло (Бардзальи, 74), Видаль, Перейра (Стураро, 87), Мората (Матри, 83), Тевес.
Монако – Субашич, Рачи (Бербатов, 71), Карвалью, Абдэннүр, Курзава, Фабиньо, Кондогбиа, Дирар (Бернарду Силва, 51), Моутинью, Феррейра Карраско, Мартиаль (Матеус Карвальо, 87).
Шар хуудас:Карвалью (55)
Д.БАТ-ЭРДЭНЭ