Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх газруудад цурамд оруулсан түймэр хүчээ авч, сумын төвөөс 20 км зайтай зам анги галд өртөж, паркад нь байсан найман ширхэг “Норд бенц” маркийн автомашин шатсан байна. Түймрийн цагийн байдал ямар байгааг манай сурвалжлагч газар дээрээс нь сурвалжилж байгаа. Энэ талаар “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.
Он гарсаар манай улсын 13 аймгийн 39 суманд нийтдээ 71 түймэр гарсан байна. Харин Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард гарсан түймэр нэлээд хэмжээний хохирол учруулжээ. Одоогоор уг түймрээс шалтгаалан учирсан хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа ч өчигдөр Шадар сайдын тушаалаар түймэрт гэр нь шатсан айлуудад гэр олгох цуваа зүүн аймгуудыг зорьсон юм.
Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар даргалж байгаа бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн төлөөлөл ч багтаж байгаа ажээ. Уг ажлын хэсэг түймэр гарсан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах, хорогдсон малын тоо толгойг гаргах, хохирлын хэмжээг тоцоолох, хор уршигийг арилгах санал боловруулахаас гадна түймэр гарсан шалтгааныг тогтоох юм.