И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан тоглох гэж байна.
“Ариун хаврын тахилга” балет нь 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулсан бүтээл бөгөөд энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох гэж байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулж буй хэрэг юм. Хөгжмийг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулахаар болов.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-ны өдөр 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох юм гэж нийслэлийн “Улаанбаатар” чуулгаас мэдээллээ.