Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулна. Үүнд:
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 73 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хороололд барих 4 ширхэг Ус дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил
- Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчмын гэр хороололд барих дулааны эх үүсвэр 2 ширхэг, дулааны Ф80/300мм-ийн 2010 метр шугамын барилга угсралтын ажил
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчмын 4,5 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийн жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгө болон нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.