Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараахь хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоон боловсруулжээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичиг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна. Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ. Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл, журмыг тогтоон, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл, журам, онцлог нөхцлийг нарийвчлан тусгажээ. Эрх тэгш байх, шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтоосон байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тухайн орон нутгийн онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн ИТХ-аас баталж, мөрдүүлэхээр тусгажээ.
Ингэснээр согтууруулах ундааг гар дээрээс худалдах болон гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт багасч, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай болон аудитын тухай хуулийн төсөл
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд батлагдан гарснаас хойш зургаан удаагийн нэмэлт өөрчлөлт орсноор өнөөдөр мөрдөгдөж байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж, байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар аж ахуйн нэгж, байгуулагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх болно.
Аудитын тухай хууль 1997 онд батлагдан гарснаас хойш долоон удаагийн нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бие даасан аудитын хяналтын тогтолцоо бүрдэж, Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аудитын 100 гаруй компани байгуулагдан ажиллаж байна.
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах зэрэг олон асуудлыг тусган Аудитын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Тус хуулийн төсөлд аудитын байгууллагуудын үйл ажиллагаанд болон тэдгээрийн хийж гүйцэтгэсэн аудитын үйл ажиллагааны чанарт хяналт тавих тогтолцооны эрх зүйн үндсийг цэгцтэй тодорхойлж, хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны үүрэг хариуцлагыг тодорхой болгожээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ны хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
УИХ-аас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх явцад тулгарсан хүндрэл, бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар хуулийн төсөлд хэд хэдэн зохицуулалт оруулахаар болсон байна. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул эрх зүйн холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Цагдаагийн байгуулагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулсан нь шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулах боломжийг хязгаарлаж байгаа тул уг бүтцийг ерөнхийлөн тусгажээ. Цагдаагийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчлэн зохицуулсан байна.