Categories
мэдээ цаг-үе

Д.Цэнд: Монголын төр Тува руу хулгайлагдсан малынхаа араас хөөцөлддөг атлаа хүнээ нэхэхгүй байна

ОХУ-ын нутагт монгол бүсгүйг машинтай нь шатаасан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Энэ талаар манай сонин өнгөрсөн наймдугаар сард Тува, Хакасын нутгаар явж сурвалжлага хүргэж байсан билээ. Хэргийн талаар нэхэн сануулахад хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ “Toyota-Crown” автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан юм. ОХУ-ын хуулийн байгууллагаас монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн холбогдогчийг өнөөг хүртэл олоогүй бөгөөд Кызылд Монголыг төлөөлж суугаа Ерөнхий консул талийгаачийн ар гэрийнхэнд “Хэргийн мөрдөн шалгалт ерөнхийдөө хад мөргөсөн” гэж ярьжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорт хандсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй аж.

ОХУ-д бусдын гарт амиа алдсан Ц.Оюунгэрэлийн ээж Д.Цэнд манай сонинд хандаж ярилцлага өглөө.

-Хэрэг гараад багагүй хугацаа өнгөрлөө. ОХУ-аас ямар сураг чимээ байхгүй юу?

-Охин минь гэрээсээ гараад есөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Машиныг нь шатсан байхыг оллоо, дотор нь эмэгтэй хүн байсан ул мөр байна гэж биднийг долдугаар сард дуудаж байцаасан. Гэхдээ “Яг танай охин мөн эсэхийг хэлэх боломжгүй. Генийн шинжилгээ хийж байж тогтооно” гээд надаас шинжилгээ авсан. Генийн шинжилгээний хариу гарлаа гэсэн албан бичиг арванхоёрдугаар сарын 13-нд ирсэн. Тэр хүртэл муу охиноо амьд гэдэг итгэл алдраагүй. Оросууд барьцаалчихсан байгаасай л гэж залбирч байлаа. Гэтэл шинжилгээгээр машинд байсан эмэгтэй хүнээс үлдсэн яс миний охиных гэдэг нь тодорхой болсон. Тэр албан бичгийг хүлээж аваад хамт явалцаад өгөөч гэж аймгийн прокурор, ЗДТГ-ынханд хандсан ч хөдлөөгүй. Кызылд байгаа Монголын консулд хандахад “Ак-Довурак хот хүртэл явах машинд бензин хийх төсөв байхгүй” гээд бас хөдөлж өгөөгүй. Талийгаачийн аав бид хоёулаа тэтгэврийн хөгшчүүл. Арга ядаад хотоос талийгаачийн хоёр дүүг дуудаад дөрвүүлээ машин хөлслөөд Ак-Довурак хот руу явсан. Очиход талийгаачаас үлдсэн эд зүйл шарил хадгалах байранд байгаа гэж хэлсэн.

-Машинаас хэдхэн төмөр үлдсэн байсан. Тэгэхээр талийгаачийнх гэх зүйл бараг үлдээгүй болов уу?

-Шарил хадгалах байрны нэг буланд тариурын жижиг хайрцагт ясны хэлтэрхий хийгээд тавьчихсан байсан. Монгол хүмүүс хойно Кызылээс нэг лам, талийгаачийн найз хоёрыг авчраад ном уншуулаад, тэндээ хайрцаг хийлгээд үлдсэн зүйлийг нь хийж авчирсан. Нутагтаа ирээд охиноо хүн ёсоор нутаглууллаа.

-Та бүхнийг очиход Ак-Довуракийн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан уу?

-Анх очиход асууж байцааснаа дахиж лавлаж асуусан. Охин минь наадмын өмнө бараа авахаар ганцаараа явлаа гээд гэрээсээ гарсан шүү дээ. Тэр тухай нь ярьсан. Гэрээсээ явахдаа ямар хүмүүстэй утсаар ярьсан бүх жагсаалтыг нь гаргаж өгсөн. Хил дээр нэг сүлжээ барьдаг. Тэгээд л Монголын үүрэн холбооны сүлжээ барихаа больчихдог. Хандгайтын дэлгүүрээс орос дугаар авах гэтэл гадаадын хүн гээд өгөөгүй юм билээ. Цайны газарт хоол идсэн бичлэг байгаа гэсэн. Бас Хандгайтаас 50 литр бензин авсан нь бичлэгт үлдсэн гэнэ. Тэндээс яваад л сураггүй болсон юм билээ. Мөрдөн байцаагчийн ярьж байгаагаар машиных нь хоёр номер машин дотроос нь олдсон гэсэн. Тэгэхээр шатахаасаа өмнө амийг нь хороосон уу, эсвэл барьцаалсан уу. Бензинийг нь дуусгатал яваад хонхорт очоод шатахуун хийж шатаасан гэж үзэж байгаа юм билээ. Сая биднийг очиход хэргийн газрын зураг үзүүлсэн.

-Хандгайтаас хамт цааш явсан гэх нэг эмэгтэйг сэжигтнээр байцааж байгаа гэж мэдээлсэн. Тэр юу болсон бэ?

-Тэр тухай асуусан. Тэр эмэгтэй хэрэг гарахаас өмнө Увс аймагт ирсэн юм билээ. Тиймээс Тувагаас дөрвөн мөрдөн байцаагч Увс аймагт ирсэн. Тэр эмэгтэй “Буудлын цонхоор харахад гэр хороолол харагдаж байсан” гэж мэдүүлсэн гэсэн. Аймгийн цагдаа нар бүх буудлаар явж шалгахад тэр эмэгтэй “Хяргас нуур” гэдэг буудалд хоёр хонох захиалга өгсөн нь тодорхой болсон. Гэхдээ нэг хоноод явсан гэсэн. Буцахдаа талийгаачаас 21 минутын зөрүүтэй хилээр гарсан юм билээ. Тэгэхээр тэр эмэгтэйг Увсаас талийгаачтай хамт явсан, хил гараад мөн дайгдсан гэж сэжиглэн шалгасан байх. Бид ч тэгж таамаглаж байгаа.

-Тэр эмэгтэй Увсад ямар хүмүүстэй очсон юм бол. Талийгаачийг таньдаг юм болов уу?

-Талийгаачийг танихгүй гэж мэдүүлсэн гэсэн. Тувачууд хэзээ ч ганц, нэгээрээ Увсад очдоггүй. Хоёр, гурвуулаа эсвэл Увсад байгаа монгол түншийндээ очдог. Гэтэл тэр эмэгтэй хэнтэй уулзах гэж Увсад ямар зорилгоор очсоноо хэлэхгүй байна гэж мөрдөн байцаагч нь тайлбарласан. Талийгаач явахаасаа өмнө Увсын С гэдэг бүсгүйтэй уулзаж, гэртээ удаан суусан юм билээ. Тэр эмэгтэй тува найзыгаа дайж явуулсан гэдэг хардлага бас байгаа.

-С гэдэг эмэгтэйг байцаасан юм болов уу?

-С-ээс байцаалт авсан, бас бүх ах дүү нартай нь уулзсан. Тэр хоёр холбоогүй нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч хэлсэн.

-Хамт явсан эмэгтэй нь талийгаачаас хэзээ салсан юм бол?

-Ак-Добурак хотоос наана буудал дээр буусан гэсэн. Тэр эмэгтэйгээс салаад 20 км яваад машиныг нь шатаасан байсан. Миний таамаглаж байгаагаар тэр тува эмэгтэй талийгаачийг мөнгөтэй яваа талаар бусдад утсаар мэдээлсэн болов уу. Түүнээс миний охиныг монгол гэж барагтай хүн танихгүй. Орос хэлээр маш сайн ярьдаг. Бас шар царайтай. Гэмт хэрэгтнүүд хяналтын камергүй газар анаж байгаад машиныг нь шатаасан болов уу.

-Талийгаачийг мөнгөтэй явааг тэр эмэгтэй мэдсэн гэж үү?

-Увсад байдаг С гэдэг эмэгтэй сайн мэдэж байсан. Явахынхаа өмнө намайг дуудаад “С-тэй явах гэсэн явахгүй гэнэ. Завдсанаараа би жижиг машинаараа 7-нд яваад хоёр хоноод ирье. Та энэ 300 мянган рублийг дүү рүү явуулаарай” гэж өгсөн. Дүү рүүгээ явуулсан мөнгөнөөсөө гадна 400 шахам мянган рубльтай явсан. Ер нь манай охин түүнээс их мөнгөтэй явдаг байсан.

-Олон жил ганцаараа наймаа хийж явдаг байсан уу?

-Нөхөртэйгээ хамт гурил зөөдөг. Байнга хоёулаа явдаг байсан. Нөхөр нь талийгаач болсноос хойш хоёр, гурван жил ганцаараа явсан. Тувагийн хилээр гараад Сэлэнгээр ирдэг. Сэлэнгээр яваад шууд Тувагийн хилээр ирдэг. Замаа маш сайн мэддэг байсан.

-Талийгаачийн цогцсыг авахаар очиход мөрдөн байцаагч хэрэг илрэх шинжтэй гэж байна уу?

-Тагнуулын алба, эрэн сурвалжлах алба, цагдаагийн байгууллага гэсэн гурван тусдаа групп тус тусдаа хавтаст хэрэг нээгээд ажиллаж байна. Хэргийн 70-80 хувь нь илэрч байгаа гэсэн. Гэтэл тэрнээс хойш сураг байдаггүй. Утсаар мэдээлэл өгөхгүй гэдэг. Консулаараа дамжуулаад мэдээлэл авах гэхээр Ерөнхий консул “Сураггүй байна” гэдгээс өөрийг хэлдэггүй. Уг нь мөрдөн байцаагч нь Кызылд байгаа шүү дээ. Нэг дор байгаа хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох боломжтой. Тэгээд ч тэнд байгаа консул Монгол Улсын төрийг төлөөлж, иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн байх учиртай. Гэтэл хүнийхээ төлөө ерөөсөө ажиллахгүй юм. Тувагийн хилээр хулгайлагдсан малын араас олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл хүнийхээ араас хөөцөлдөхгүй байгаад гомдолтой байна.

-Ерөнхий консул та бүхэнд хэзээ “Хэрэг хад мөргөчихлөө” гэж хэлсэн юм бэ?

-Цагаан сарын дараа манай хөгшинтэй ирж уулзаад ингэж хэлсэн гэсэн. “Таг чиг. Хад мөргөчихлөө” гэж ярьсан. Талийгаачийн машин шатсан байхыг олсны дараа л Ерөнхий консул байцаагчтай нь нэг удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө хөөцөлдөөгүй. Хариу ирэхгүй байна л гэж бидэнд хэлдэг.

-Хууль зүйн сайдыг Ерөнхий прокурор байхад та очиж уулзаж, учир явдлыг ярьсан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Наймдугаар сард уулзах хүсэлт тавиад өрөөнд нь ороход “Өдрийн сониноос л ийм хэрэг болсныг мэдлээ. Прокурор томилж өгнө” гэсэн. Аймагт очиход прокурор “Ерөнхий прокурор үүрэг өгсөн. Гэхдээ бид хил гарвал сөрөг тагнуул гэж хардагддаг учраас Тувад очих боломжгүй” гэсэн. Дараа Гадаад хэргийн яамны Консулын газрын даргад бичгээр хүсэлт өгсөн. Сарын дотор хариу өгөх үүрэгтэй гэсэн ч өнөөг хүртэл хариу алга. Хариугаа нэхээд очихоор “Цаанаас албан бичиг ирээгүй. Ирэхээр нь та нарт хариу өгнө. Өөр арга байхгүй. Та нар хувь шугамаар дараа дараачийн арга хэмжээгээ авбал ав” гэдэг. ОХУ-ын хуулийн байгууллага хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгааг Гадаад хэргийн яаманд өгчихөж болдоггүй юм болов уу гэж бодох юм. Ингээд л бид мухардчихаад байна.

-Одоо яах билээ. Хувь шугамаар ямар арга хэмжээ авна гэж?

-Ирэх долоо хоногт хэлмэрч аваад Тува, Ак-Добурак явж мөрдөн байцаагчтай дахин уулзах хүсэлт гаргая. Хэрэг гарсан газруудаар дахин явж ирээд Ерөнхийлөгчид хандъя гэж бодож байна. Хүний газар охиноо алдаад хэдэн ясны хэлтэрхийтэй л үлдлээ. Хүний амь хөнөөсөн тэр этгээд шийтгэл хүлээх хэрэгтэй биз дээ. Монгол хүний үнэ цэн хаана байна вэ. Тэтгэврийн хоёр хөгшин аргаа барахдаа сонинд хандах юм. Өөр хүлээж авах газар, байгууллага ч гэж алга. Хүнийхээ хойноос хөөцөлдөөч гэж Монголын төрөөс хүсмээр байна. Охин минь айлын том нь. Доороо таван дүүтэй. 1986 оноос наймаачдад хэлмэрч хийж орос явж байгаад зах зээл эхлэнгүүт наймаа хийсэн. 20 гаруй жил наймаа хийж Увс аймагт дэлгүүр, зочид буудал гээд хоёр гурван объект ажиллуулдаг. Хоёр хөгшний, дүү нарынхаа амьдралыг авч явж байсан хүн. Ганц охинтой. Түүнийгээ Бээжинд сургадаг байсан. Охиных нь сургалтын төлбөрийг төлж дийлэхгүйд хүрээд Засгийн газрын тэтгэлэг авах шалгалт өгүүллээ. Банкны 260 гаруй сая төгрөгийн зээл үлдсэн. Хөгшин минь хөгжлийн бэрхшээлтэй. Нэг дүү нь цус харвахад талийгаач Солонгост эмчлүүлж байсан. Тэр дүү нь одоо ч хэвтэрт байна. Гэх мэт зовлон яриад байвал их байна.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *