Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар тэндхийн www.thestar.com сайт сайтад мэдээлжээ. Өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд оршин суугчид цагдаагийн байгууллагад “Хашгирах дуу сонсогдоод байна” гэж дуудлага өгчээ. Цагдаа нарыг очиход хохирогч өндрөөс унаж амиа алдсан байжээ. Мөн түүний амьдарч байсан өрөөнд шар айрагны лааз хөглөрсөн, шилэн ширээн дээр аяга таваг хагарсан байдалтай байжээ. Тухайн үед хохирогчийн өрөөнд гурван монгол байсан бөгөөд тэд хамт амьдардаг байсан аж. Цагдаа нар тэднийг талийгаачийн амиа алдсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэнэ. Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа Өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан. Хэрэг гарахын өмнө тэд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагч үзэж байгаа бөгөөд хамт байсан гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ. Тэдэндангли хэлний орчуулагч шаардлагатай байна гэсэн тул Бангкок дахь ЭСЯ-наас орчуулга хийх хүнийг олж өгөх арга хэмжээ авсан байна” гэж мэдээллээ. Малайзад суралцахад зуучилдаг эх сурвалж “Исламын их сургуульд гадаадын оюутан цөөн суралцдаг. Малайзын ислам үндэстнүүд ихэвчлэн суралцдаг хувийн сургууль. Зуучлагчдын хувьд тэр сургуульд монголчуудыг сурахыг зөвлөдөггүй юм” гэлээ. Өөр эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр болсон явдлыг мэдсэн бөгөөд өнөөдөр Малайз руу явахаар болжээ.
Ц.ӨРНӨХ