Хятадын эдийн засгийн төлөв байдал, Тавантолгой төслийн явцын талаар Хятад судлаач, эдийн засагч Б. Дөлгөөнтэй ярилцлаа.
–Та Хятадын зах зээлийг судалдаг эдийн засагчийн хувьд Тавантолгой мега төслийн үйл явцын тухайд ямар дүгнэлтүүд хийж байна вэ?
-Хятадын эдийн засаг 2014 оны байдлаар 10.4 их наяд долларын хэмжээтэй болсон. Монголын эдийн засгаас нэг мянга дахин том гэсэн үг. Хүмүүс Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай гэдэг хэдий ч үнэндээ бол ерөөсөө Хятадын хойд мужууд болон Өвөрмонголын хэдэн үйлдвэрүүдээс л Монголын эдийн засаг хамаардаг. Монголын экспортын 60-70 хувийг сүүлийн гурван жилд нүүрс, зэс, төмөр гурав эзэлж байгаа. Дээр нь нефть нэмэгдээд энэ 4 бүтээгдэхүүн дандаа Өвөрмонгол руу гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүдээс шууд хамааралтай байгаа өнөө үед нүүрсний үнийг боломжийнтүвшинд байгаа дээр нь бид өөрсдийнхөө зах зээлийг хурдан эзлэх ёстой юм.
Хэрвээ 2010 онд өргөн нарийн нь хамаагүй бид төмөр замаа тавьчихсан байсан бол өнөөдөр ингэж сандрах шаардлагагүй байсан. Одоо Австралийн нүүрстэй өрсөлдөхөд улам хэцүү болж байна. Энэ нь тээвэрлэлтийн зардалтай шууд холбоотой.
2000 онд дэлхийн хэмжээнд нийт 3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэж байхад Хятад улс 1.5 тэрбум тонныг нь хэрэглэж байсан. Зөвхөн Хятадын нүүрсний хэрэглээ гэхэд дэлхийн бусад бүх улсууд нийлээд хэрэглэж байгаа нүүрсний хэрэглээтэй бараг тэнцүү болсон. Тиймээс бид хэрвээ нүүрсээ гаргана гэвэл урагшаа л гаргах гол сонголт байна. Цаашдаа Япон, Солонгос руу гаргах хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй.
–Нүүрсний үнэ сайнгүй байгаа өнөө үед яарах хэрэг байна уу гэж зарим хүн үздэг?
-Хятадын эдийн засаг 2020 он гэхэд нүүрснийхээ хэрэглээг дахиад бууруулж эхэлнэ.
Тэд цөмийн цахилгаан станцын хэрэглээгээ нэмж, мөн сэргээгдэх эрчим хүч рүү их орж байна. Одоо дэлхийд хэрэглэж байгаа нарны сэргээгдэх эрчим хүчний панелийн 60 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа. Үүнээс харахад хятадууд өөрсдийнхөө эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг олшруулж байна гэсэн үг. Тиймээс бид тэднүүрсний хэрэглээгээ танахаас өмнө зах зээлд нь хурдан байрших хэрэгтэй.Бидэнтэй мэдээж Орос, Австрали өрсөлдөнө, магадгүй зарим Латин Америкийн орнууд Хятад руу нүүрсээ экспортлох сонирхолтой байгаа. Эдгээр оронтой өрсөлдөхийн тулд Монголын нүүрсийг өрсөлдөх чадвартай буюу өртөгийг нь хамгийн хямд байдлаар санал болгох хэрэгтэй болно.
–Тавантолгой ордын хөрөнгө оруулалт болонгэрээний үйл явц өнөөдөр олны анхаарлын төвд байна. Тэр хэмжээгээр шийдвэр гаргагчдын зүгээсзарим анхааруулга, асуулга тавьж байна. Энэ хэт их анхаарал, хардалт, улстөржилт гэрээг удаашруулахад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бас бий. Энэ талаарх таны бодол?
-Уг нь нэг сайн гэрээ хийсэн бол цаашдаа байнга ухаж төнхөөд байх шаардлагагүй. Байгуулах гэрээг Монгол улсын стратегийн ач холбогдолтой том хэмжээний орд гэдэг утгаар маш нухацтай ярилцах нь зөв. Гэхдээ сайд нар, улс төрчид бол хуульчид биш шүү дээ. Ул суурьтай, үндэслэл сайтай шийдэхгүй байж дундуур нь улс төржөөд, аль нэг нам бүлэглэлийн ашиг сонирхол орж ирээд байвал уг гэрээний явц удааширна. Энэ нь Монгол улсад маш их хохиролтой.
Миний хувьд бол энэ асуудлыг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Тавантолгой, Оюутолгой бол бидний амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх төслүүд юм. Эдгээр төслийг улс төржүүлэх тусам эргээд энгийн ард түмэнд ирэх ашиг өгөөж нь багасна гэсэн үг.
УИХ, Засгийн Газраас энэ гэрээний ажлын хэсгийнхэнд ерөнхий хүрээ, хязгаарыг нь гаргаж өгсөн байх. Тэр хүрээ, хязгаарт нь багтаж гэрээ хэлэлцээрүүдийг хийх ёстой. Түүнээс биш яг энэ нөхцөлийг оруулах ёстой гэж аль нэг улс төрч хэлэх ёсгүй.Хүн болгоны хүслийн жагсаалтыг сонсох, оруулах албагүй. Харин Монгол улсадийм ашигтай байх ёстой, ийм хүрээнд ажиллах ёстой шүү гээд эрхийг нь өг. Хуулийнх нь гэрээ хэлцэл дээр мэргэжлийн хүмүүс суугаад эцсийн дүнг нь Засгийн газарт танилцуулах ёстой.
–Тавантолгой төслийн эдийн засгийн үржүүлэгч нөлөөллийн тухай ярьдаг. Энэ тухайд олон нийтэд ойлгомжтой тайлбар хэлж өгөх үү?
-Үржүүлэгч гэдэг бол гаднаас орж ирж байгаа нэг доллар цаашаа хэр үржих вэ гэдэг утгатай. Энгийн үгээр тайлбарлавал 10 сая төгрөг гаднаас орж ирээд 2 саяар нь хүмүүсийг цалинжуулаад, 3 саяар нь тэр хүмүүсийг нэг жилийн хугацаанд хооллодог ч юмуу эргээддотоодоосоо бүх бүтээгдэхүүнээ аваад ирэхээр энэ үржүүлэгччинь нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл тэнд ажиллаж байгаа монгол хүн авсан цалингаараа гэр бүлээ тэжээнэ, хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг төлнө. Тэнд хоолны үйлчилгээ үзүүлж байгаа Монгол компаниуд ногоо, махаатариаланчид, малчдаас худалдаж авна.Товчхондоо эдийн засагт хэр ашигтайгаар явж байна вэ гэдгийг үржүүлэгч гэж нэрлээд байгаа юм. Жишээ нь, Оюутолгойн 6 тэрбум долларын ихэнхи нь дандаа хүнд даацын машин механизм болчихсон. Гэтэл Монголчууд тийм машин механизм байтугай суудлын тэргээ ч Японоос худалдан авч дийлэхгүй талдаа.Тэгэхээр орж ирсэн энэ мөнгө эргээд гараад явчихаж байна гэсэн үг.Тиймээс аль болох монгол ажилчдыг түлхүү ажиллуулж, монгол бараа бүтээгдэхүүнийг илүү ашиглах юм бол үржүүлэгчийн хувь нь илүү өндөр байх хандлагатай. Энержи ресурс компанийн хувьд сайн туршлагууд байдаг юм билээ. Дан монгол инженерүүд цахилгаан станц барьж, монгол компани авто зам тавьсан байна. Гэрээндээ л энэ харьцааг маш сайн тусгаж өгвөлүржүүлэх нөлөөлөл эерэг гарах бүрэн боломжтой.
–Ингэхэд бид өөрсдөө Тавантолгойг дэлхийд ховор нөөцтэй, том орд гэж ярьж байгаа боловч манай нөөцийг Хятадын тал ямар байдлаар сонирхож, энэ хамтын ажиллагаанд хэрхэн хандаж байгаа вэ?
-Манай Тавантолгойн тогтоогдсон нөөц нь 6 тэрбум гаруй тонн. Гэхдээ Хятадын хэрэглээтэй харьцуулахад тийм ч том биш. Яагаад гэвэл Хятад өөрөө нүүрсний асар их нөөцтэй. Өөрсдийнхөө хэрэглээний ихэнхи хувийг дандаа дотоодоосоо хангадаг. Цаашдаа байгаль орчны бохирдолтой холбоотойгоор нүүрсний хэрэглээгээ багасгах бодлого барих нь тодорхой байгаа. 2020 он гэхэд нүүрснийхээ хэрэглээг бууруулна гээд төлөвлөчихсөн. Тиймээс бид яарах хэрэгтэй. Яарах яарахдааАвстраличуудтай, Оросуудтайөрсөлдөх болчихоод байна.Саяхан Хятад, Орос хоёр 400 тэрбум ам.долларын том гэрээ байгуулсан. Энэ бол эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нүүрснээс газ руу бүр цаашлаад нефть рүү шилжүүлж байгаа томоохон алхам юм. Дамжуулах хоолойнууд нь 2020 он гэхэд баригдчихна. Тэр болтол жилд 30 тэрбум доллартай дүйх хэмжээний байгалийн хий авна гээд тооцоолчихсон, нүүрсний хэрэглээг 2020 оноосбагасгана гэдгээ зарлачихсан.Тэгэхээр энэ боломжийг бид даруй ашиглахаас өөр гарц алга даа.
Г.АЛТАНЦЭЦЭГ