Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Жигжид: Бид очоогүй бол тэр айл гал алдаж, нялх хүүхэд осгох байсан

Улаангомоос холгүй. 2014.04.05-ны шөнийн 01.05 цаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасаар хүчтэй шуурч, олон хүн төөрч, цөөнгүй мал хорогдсон. Увс аймагт хаваржаа руугаа нүүж явсан 500 шахам айл цасан шуурганд түлэх түлшгүй, нөмөрлөх хашаагүй гал алдсан тухай манай сонин мэдээлсэн билээ. Хаваржаандаа дөнгөж буусан айл түлх түлшгүй, нэг сартай нялх охин осгохын даваан дээр байхад нь таван залуу шөнөжин цас ухан байж аварчээ. Тэд 40 км замд найман цагийн турш цас ухаж очоод нэг сартай охиныг ээж, эмээтэй нь хамт Улаангом руу аваад буцахдаа мөн л төдий хугацаанд нүдгүй шуургатай тэмцжээ.

Сайн үйлс бүтээж, дөрвөн хүний амь аварсан залуусын нэг Ц.Жигжидтэй ярилцлаа.

-Цасан шуурганаар ажрахгүй зүтгэж олон хүний амь аварсанд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Ингэж сонинд ярилцлага өгөх гавьяа байгуулсан гэж бодоогүй шүү дээ. Намайг Цогтбаатарын Жигжид гэдэг. 29 настай. Аймгийн төвд хувиараа ажилладаг.

-Шуурганаар юу болсон талаар яриач?

-Өнгөрсөн бямба гаригт гэртээ байж байтал найз маань ирээд “Манай эгчийнх хаваржаандаа дөнгөж буучихсан байсан юм. Түлш түлээгээ бэлтгэж амжаагүй байтал цасаар шуурч гал алдаж байна гэнэ. Нэг сартай нялх хүүхэдтэй юм. Нүүрс, түлээ дөхүүлж өгмөөр байна” гэсэн. Ингээд таван найз нийлээд Улаангомоос гарсан хэрэг.

-Хэдэн цагийн орчимд вэ. Ид шуурч байв уу?

-Орой 18.00 цагийн орчимд гэрээсээ гараад бензин тосоо бэлтгээд аймгийн төвөөс цагийн дараа гарсан. Нүдгүй шуурч байсан үе. Онцгойгийнхон аймгийн төвөөс гарах пост дээр зогсчихсон, машин гаргахгүй байсан. 19.00 цагийн орчимд пост дээр очиход “90 гаруй машин буцаалаа. Та нар ч гэсэн буц” гэдэг юм байна. “Нэг сартай нялх хүүхэд хөлдөж үхэх гэж байна. Тэр хүмүүс гэрийнхээ тавилгыг түлээд дуусвал гал алдана. Очихоос өөр аргагүй. Идэр насны эрчүүд хөлдөөд үхтэл хаа юм. Сайн машин, их бензин байна” гээд бүгдээрээ гуйж, аргалж байгаад аймгийн төвөөс гарсан. Тэгтэл Тээлийн гүүр даваад л битүү цас, зам байтугай бүртийх хар бараан зүйл ч харагдахгүй. Цас машины хамар даваад ирчихсэн.

-Та нар ер нь ямар бэлтгэлтэй гарсан хүмүүс вэ. Замдаа саатаж магадгүй гэж цай хоол авсан уу. Зузаан хувцасласан биз дээ.

-Аймгийн төвд цасаар шуурч байсан болохоор хүрэм, зузаан өмдтэйгээ гарсан. Юмыг яаж мэдэхэв гээд машиныхаа банкийг дүүргэсэн. Тэгээд л нэг, нэг хүрз аваад гарсан даа. Нөгөө айлдаа хүргэж өгөх арван уут нүүрс бас аччихсан. Цай хоол аваагүй ээ. Залуу хүмүүс хоол цай санаанд орохгүй шүү дээ.

-Зорьсон айл хэр хол байгаа билээ?

-Өмнөговь сумаас Увс нуурын хөвөө рүүгээ дөхөж хаваржихаар нүүж очсон юм билээ. Хаваржаандаа буусан даруйд цасаар шуураад эхэлсэн гэсэн. Аймгийн төвөөс 40 гаруй км зайтай. Наранбулаг сумын Толийн хус гэдэг газар. Зам гайгүй байсан бол хэдхэн минут давхиад хүрэх газар шүү дээ. Гэтэл бид нэг талдаа найман цаг гаруй явсан.

-Машины хамар давсан цастай байсан бол аргагүй шүү дээ. Хүрзээрээ цас ухаад л байв уу?

-Нүдгүй шуурганд цас удаан ухах хүнд юм билээ. Жаахан ухаж зай гаргаж байгаад машинаа займчуулаад овоо явж байгаа юм. Хэсэг газар зам гаргачихаад машиндаа хэсэг дулаацаад дахиад ухна.

-Ойр хавьд айл байхгүй биз?

-Онцгойгийнхон нэг машин чирчихсэн зүтгүүлж яваад таарсан. Тэд “Та нар буц. Тийшээ явбал үхэж мэднэ” гэсэн. Тэнд нялх хүүхэд яаж ч мэдэхээр байхад бидний үхэх яах вэ л гэж яриад буцахгүй гэж тохирсон.

-Хүлээж байгаа хүмүүс утсаар холбогдож байсан уу?

-Аймгийн төвөөс гарахын өмнө утсаар ярьсан гэсэн. Уулын орой дээр гарахаар скайтелийн сүлжээ барьдаг юм байна. “Гэрийнхээ унь түлж эхэллээ. Гал алдаж байна” гэж ярьсан гэсэн.

-Та нар төөрөөгүй юу?

-Нутгийн хүмүүс болохоор баримжаа байлгүй яах вэ. Баримжаагаараа, цас ухаад, газар урагшлаад л байлаа.

-Шөнө дунд нөгөө айлдаа очив уу?

-Өмнөговь сумын харьяат Болдбаатар гэдэг залуугийнх. Биднийг очиход өндөр настай хөгшин, нэг сартай охин, түүний ээж гээд гурван эмэгтэй цэв хүйтэн гэрт бээвийчихсэн байсан. Нэг хүү нь цасанд дарагдсан ишиг, хурга бөөгнүүлээд орж гаран байсан. Хоолны шүүгээ, ширээгээ эвдэж түлээд унь руугаа орчихсон ч гэр нь хүйтэн. 20 шахам униа хугалаад түлчихсэн байсан. Хаваржаандаа бууж байна гээд гэрийнхээ дулаалгыг үлдээчихсэн юм билээ. Дан бүрээстэй гэр тэр шуурганд яаж дулаацах вэ дээ. Тэгээд газар хөлдүү. Хашаа хороо, нөмөрлөх уул хад байхгүй тал газар жиндүү гэж жигтэйхэн. Бас шуурганд гэр нь уначих гэж сандаргаад сүйд болсон гэсэн. Охиндоо живх хийгээд өлгийдчихсөн. Өглөөнөөс хойш нэг удаа л живхийг нь сольсон. Өлгийг нь тайлахдаа шүүгээгээ бүгдийг нь түлж байж гэрээ бүлээцүүлсэн гэсэн. Очсон даруйдаа нүүрс хийгээд жаахан бүлээцэж, цай ууцгаагаад гурав нь үлдээд бид хоёр хүүхэд, эмэгтэйчүүдээ аваад аймаг руу хөдөлсөн.

-Мал нь бас цасанд дарагдчихсан уу?

-180 гаруй бог төллөчихсөн байсан. Нялх ишиг, хургаа гэртээ оруулсан байна лээ. Бусад нь цасанд дарагдсан. Цасанд дарагдсан мал гурав хоногтоо бол амьд байдаг гэж ярьдаг. Тиймээс үлдсэн гурав нь цас ухаж мал гаргах, гэр орныг нь харахаар үлдсэн.

-Та хэд буцахад шуурга намжиж байв уу?

-4.00 цагийн орчимд хөдөлсөн. Шуурга намжаагүйгээр барахгүй бидний гаргасан зам ул мөргүй алга болчихсон байсан. Дахиад л цас ухаж эхэлсэн. “Нялх хүүхэдтэй ингэж зутарч байхаар буцъя” гэж ч бодогдлоо. Үүр цайх дөхөж байсан болохоор зүтгэсэн нь дээр, хүүхэд ханиад хүрсэн байх эмнэлэгтэй газар хурдан дөхье гэж ярилцаад зүтгэсэн. Цасанд суусан машин унтрахгүй л бол дотроо халуун гэж жигтэйхэн шүү дээ. Нэг сартай охин дулаацаад нам унтчихсан. Бид ирсэн шигээ цас ухаж урагшилсаар өглөө 9.00 цагийн үед аймгийн төвийн бараа харсан.

-Замдаа бас нэгнийхээ зургийг аваад зугаатай байсан юм шиг ээ?

-Залуу хүмүүс үхчихнэ гэж төсөөлөх биш. Нэг нь цасанд шургаад унахаар бусад нь шоолж инээгээд зургийг нь дараад зугаатай л байсан. Тэр их цаснаас гарч чадахгүй, эндээ хөлдөнө гэж бодоод байсан бол хүрзээ дийлэхгүй болох биз. Ер нь нэг их хүндрэл байгаагүй. Би өөрөө машин засдаг. УАЗ-569 машин маань 2003 оных. Бүх засвар, үйлчилгээг нь хийчихсэн болохоор эвдэрч саатна гэдэг айдас байгаагүй.

-Гэрийнхэн чинь санаа зовоод сүйд болсон байх.

-Санаа зоволгүй яах вэ. Гэхдээ загнаагүй. Бид очоогүй бол тэр айл түлшгүй гал алдаж, нялх хүүхэд осгох байсан. Одоо ч хаваржаандаа байгаа айлууд түлшгүй хэцүүхэн байгаа. Аймгийн удирдлагууд түлш дөхүүлж байгаа сонсогдсон.

-Охин зүгээр үү?

-Зүгээр гэсэн. Эмээ нь баярлалаа гэж байсан.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *