Categories
мэдээ цаг-үе

Хурдны замыг Майдар хотоор дайруулах гэнэтийн санал хөрөнгө оруулагчдад нь хүлээлт үүсгээд байна

“Чингис лэнд девелопмент” группын ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд чиг­лэлийн буюу Ази, Европыг холбосон олон улсын хурдны авто замын төслийн явц ямар байна?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замынхаа трассын уртыг тогтоох чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллалаа. Зам тээврийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ оны эхээр эцэслэн дэмжсэн. Трассын чиг батлах үүрэг Авто замын тухай хуулиар салбарын яаманд байдаг л даа. Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр сайдын тушаал болж эцэслэх учиртай. Зөвлөл дэмжсэнээс хойш буюу гурван сарын дараа, энэ сарын эхээр сайдын тушаал гарлаа. Бидний зүгээс энэ хооронд нэлээд ажил амжууллаа. ТЭЗҮ-ээ боловсруулж батлууллаа. Урьдчилсан зургуудаа хийлээ. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч хөрөнгө оруулалтын багцаа тодорхойлоод ажиллаж байна. Алтанбулагаас трассынхаа цэгийг тэг цэг гэж аваад явж байгаа. Улаанбаатараас урагшаа Баян сум гэж бий. Мааньт ч гэж нэрлэдэг. Мааньт хүртэл 450 км газарт геотехникийн суурь судалгаагаа хийлгээд хүлээж авах шатандаа явж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүлээж авна. Энэ тендерийн үндсэн гүйцэтгэгчээр ОХУ-ын “Зстисиз” гэдэг компани, Монголын 26 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Урд талын 550 км хүртэлх газар буюу Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсэгтээ суурь судалгааны ажлын тендерийг хагас сарын өмнө зарласан. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор компаниудын сонирхол илэрхийлсэн захидлыг хүлээж авна.

-Ер нь хурдны замын төсөл ямар шат дараатайгаар хэрэгждэг вэ?

-Эхлээд трасс тогтоогддог. Тогтоогдсон трасс дээр геотехникийн суурь судалгаанууд хийгддэг. Хийгдсэн суурь судалгаан дээрээ үндэслээд зураг төсөв боловсруулах ажил хийгдэнэ. Зам барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын даалгавар гэж бий. Салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга баталж өгдөг юм. Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ илгээх гэж байна. Зургийн даалгавар гаргаад өгчихвөл зураг төсөв боловсруулах гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах тендер зарлана. Бид энэ долоо хоногийн лхагва гаригт хучилтын хийцийн технологийн зөвлөх компани сонгон шалгаруулах тендер зарлахаар болсон. Бага зардлаар барьж, олон жилийн турш эвдрэлгүй ашиглах технологийг сонгох зорилготойгоор ажиллана. Зургийн ажил гарсны дараа зам, барилгын гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тендерүүдийг зарлаад явна.

-Олон улсын хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх явцад садаа болсон ямар шалтгаан байна, яг одоо тулгараад буй асуудлаа яриач?

-Трасс батлагдахгүй удсан тал бий. Улстөрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчдад хүлээлтийн байдал нэлээд үүссэн л дээ. Бид өнгөрсөн намар тодорхой хэмжээний ажлууд эхлүүлэхээр тооцоолж байсан. Харамсалтай нь Засгийн газар огцорч, хоёр сар орчмын дараа байгуулагдсан. Гэрээ байгуулж, харилцаж байсан яам нь татан буугдчихаар хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хүндрэлтэй байдал үүссэн. Хүлээлт үүссэн гэсэн үг. Одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний хүлээлт байна. Манай замын трасс батлагдсан ч гэлээ хэсэгчилж батлагдлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа, Мааньт чиглэлийн трассын 347.2 км-ээс 444.4 км-ийг эцэслэн шийдээгүй байна.

Бид трассын чигийг нийслэлийн баруун талаар орж ирэхээр тооцож хийсэн юм. Энэ зам бол транзит тээврийнх. Авто замын тухай хуулиар бол олон улсын чанартай зам. Транзит тээвэр эрхэлж байгаа А, Б хоёр цэгийн хооронд зогсолтгүйгээр хурдтай тээвэрлэгдэх тээврийн зориулалттай зам байх учиртай. Тэр утгаар нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хамгийн захын цэгээр дайран өнгөрүүлж байгаа юм. Хурдны зам Хүй долоон худагаар дайраад Био, Шувуу хоёрын дундуур, Туул гол дээгүүр орж ирнэ. Цаашлаад Өлзийт хороолол, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаар дайруулж, урагш чигээр явуулсаар Баян сум хүргэнэ. Баян сумаас төмөр замынхаа баруун талыг бариад Багахангай, Чойр, Шанд, Замын-Үүд гэсэн маршруттайгаар үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг “Хот орчмын томоохон төслүүдийн уялдааг хангах гэж байна. Тийм учраас замынхаа трассыг ирээдүйд баригдах Майдар хотыг дайруулаач гэсэн санал тавьсан юм.

-Майдар эко хот байгуулна гэсэн сураг ч сонсогдож байгаа шүү. Сүүлд тэнд Майдар бурханыг бүтээж байгаа гэж дуулдсан. Ингэхэд нийслэлээс хэр зайтай юм бол?

-Майдар хотыг Богд хаан уулын урд талд, Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талд,нийслэлээс багцаагаар 70 орчим км-т байгуулах юм болов уу гэж бодож байна.

-Чиглэл нь нэлээд өөрчлөгдөх юм байна. ТЭЗҮ энэ тэр нь батлагдчихсан үед ийм өөрчлөлт хийх боломж байдаг юм уу?

-Нэгдүгээр сарын хорьдоор ажлын хэсгийн ахлагчид нь боломжгүй гэдгээ хэлсэн л дээ. “Хөрөнгө оруулагчидтайгаа урьдчилж тохироод замынхаа трассын нийт уртаар оруулах хөрөнгийнхөө хэмжээг гаргасан. Оруулах хөрөнгөө ТЭЗҮ дээрээ тусгаж, хөрөнгө оруулалтынхаа багцын дагуу гэрээгээ хийсэн. Энэ бүхэн задрахад хүрээд байна” гэж тайлбарласан.

-Боломжгүй гэхээр ямар хариу өгч байна?

-Өнөөдрийг хүртэл хоёр, гурван сарын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй байсан учраас дахин албан бичиг явуулсан. “Өөрчлөх тохиолдолд бидэнд хүндрэл учирч байна. Замын трасс уртасч байна. Хоолтын даваа гэж том асуудал бий. Төмөр замын хувьд энэ даваанд хавцал гаргаж сэтэлж цаашилсан байдаг. Төмөр замын хувьд ч тэр, хурдны авто зам ч ялгаагүй хазайлтын өнцөг гэж бий. Хурдны авто замын хувьд хазайлтын өнцөг нь таван градус байдаг юм. Орон нутгийн C-2 зэрэглэлийн зам шиг огцом даваад явчихдаггүй гэсэн үг. Ямар түвшинд байгаагаасаа хамаараад нэг бол сэтэлнэ, эсвэл туннель хийхээс аргагүй. Ийм бэрхшээл Хоолтын давааны хэсэгт гарна. Төсөв зардал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Трасс уртсахаар ч зардал өснө. Өнөөдөр хийчихээд байгаа ажлуудад гаргасан зардлыг яах вэ. Энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд шийднэ гэвэл ярилцаж болно” гэсэн утгатай санал тавьчихаад хүлээж байна. Ажлаа хурдасгах үүднээс тавьсан санал л даа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдэхээс өмнө трассыг хэсэгчлээд гаргачихлаа. Трасст өөрчлөлт орсон тохиолдолд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал тулгарвал яах вэ гэдэг эргэлзээ хөрөнгө оруулагчдад үүсчихлээ. Энэ хэсгийг эцэслэн шийдэхийг хүлээе гэж байна.

-Хурдны зам Майдар хот руу хазайхаар нэмж хэр зардал гарахаар байна. Урьдчилсан тооцоо хийж үзсэн үү?

-Бага мөнгөний асуудал биш. Урьдчилсан байдлаар судлахад трассын нэмэгдэж байгаа урт болон хийх туннельд гэхэд л 240 гаруй сая ам.долларын зардал нэмэгдэхээр байна. Тиймээс ажлын хэсэгт “Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн хүсэлт тавиад байгаа. Мөн Ерөнхий сайдад төслийнхөө танилцуулгыг албан ёсоор хийе гэж бодож байна. Монголын эдийн засагт их хэмжээний өгөөжтэй, маш чухал төсөл учраас явцыг нь албан ёсоор танилцуулъя гэсэн юм. Танилцуулах хүсэлтээ илэрхийлээд уулзалтын цаг хүлээгээд байж байна.

-Хурдны замын зам барилгын ажлыг ирэх сард эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Таны ярианаас анзаарахад хугацаандаа эхэлж амжихгүй нь ээ дээ?

-Зам барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ гэж тооцсон байсан л даа. Зураг төсвөө боловсруулаад эхэлсэн байсан. Гэтэл ийм өөрчлөлт гарчихлаа. Тэгэхээр зам, барилгын ажил маань гурав, дөрөв, магадгүй зургаан сараар ч хойшилж мэднэ гэсэн үг. Хугацаан дээр ийм асуудал гарч магадгүй гэсэн байр сууриа албан бичгээр илэрхийлсэн байгаа. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, барилгын ажил хийх таатай хугацаа нь бага. Ойролцоогоор 150 хоног л байдаг. 150 хоногийнхоо эхлэх учиртай эхний хугацааг алдаад байна. Энэ янзаар хойшилбол наймдугаар сараас наашгүй дүр зураг харагдаж байна. Монгол Улсын компани, төр аль нь ч хөрөнгө оруулагчдынхаа өмнө нэг баг болж ажиллах учиртай. Харилцан өөр мэдээлэлтэй, төр нь компаниа дэмжихгүй, компани нь төртэйгөө ойлголцохгүй байгаа юм шиг харагдсанаас эндээ нэг мөсөн асуудлаа шийдчихээд хөрөнгө оруулагчдадаа хандъя гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд нэлээд нарийн хэлцэл хийе гэсэн саналаа илэрхийлчихээд байна.

-Транзит тээврийн хурдны зам хотын дундуур баригдах хурдны замтай яаж холбогдох вэ?

-Бид өөрсдөө холбож өгнө. Хөшигийн хөндийн орчимд Өмнөговь, Дундговиос ирж байгаа аймгийн зам огтлолцоно. Огтлолцож байгаа тэр хэсгээс Хөшигийн хөндийтэй холбосон арав орчим км замыг төслийнхөө хөрөнгөөр нийслэлтэй холбож өгнө. Мөн хойшоогоо Туулын хурдны замын баруун үзүүртэй холбож өгнө.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам хэчнээн сумаар дайрч өнгөрөх вэ. Дайрч өнгөрөх сумдадаа амралт үйлчилгээний цогцолбор барина гэж дуулсан. Хурдны зам дагуу өөр ямар том бүтээн байгуулалт өрнөх бол?

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын хурдны зам зургаан аймгийн 24 сумаар дайран өнгөрнө. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зам дагуу хийгдэх бүтээн байгуулалтад зарцуулна. Хурдны замын стандартын дагуу түр амрах хэсэг болон амралт үйлчилгээний цогцолборууд байгуулагддаг. 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор баригдах юм. Сум хоорондын зай ихэвчлэн 50-70 км орчим учраас сумдаа түшиглэж байгуулна. Сумын хөгжилд ч нэмэртэй болчихож байгаа юм. Шатахуун түгээх станц, дэлгүүр, зочид буудал, цайны газар цогцоороо баригдана. Мөн энэ зам Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явах барааны урсгалын гол коридор. Тэр утгаараа Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд дээр томоохон ложистик, худалдааны төвүүдийг барих сонирхолтой байна. Монголд анх удаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хавьцаа тээврийн гурван том коридорын уулзвар бий болж байгаа. Ачаа тээврийн нисэх онгоцны буудал байна. Үүнээс гадна транзит тээврийн төмөр замыг хотоор дайруулахгүйгээр Богд уулын урдуур гаргаж Хөшигийн хөндийгөөр манай замтай зэрэгцүүлж оруулж ирнэ. Тэгэхээр энд төмөр зам, хурдны авто зам, транзит тээвэр гурав нийлнэ. Тийм учраас бид нисэх онгоцны буудал, Богд уул төмөр замынхантай уулзаж холимог ачаа тээврийн ложистик төвийг барих талаар яриа хөөрөө өрнүүлж байна.

-Хувийн хөрөнгө оруулалтаар мянга гаруй км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдэг асар том ажил. Ер нь дэлхийд ийм төсөл хэр олон хэрэгждэг вэ?

-Манай зам хоёр урсгал зургаан эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор таван хэсэг газарт туннель хийгдэнэ. 30 метрээс уртыг нь бид том гүүр гэж үзэж байгаа. Ийм том гүүр 12 газарт хийгдэнэ. Хамгийн том гүүрийг Туул голын дээгүүр барина. Татлагат гүүр байх юм. Монголд анх удаа монголчууд өөрсдөө санаачлаад хийж байгаа бүтээн байгуулалтын асар том төсөл л дөө. 1000 км-ын урт, ийм том хурдны зам дэлхийд ховор баригдаж байсан. Тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ийм төсөл тун ховор шүү. Дандаа хэсэгчилж хийгддэг. Манай төсөл их олон Засгийн газрын нүүр үзлээ. Бүх Засгийн газрын үед дэмждэг. Гэхдээ шинэ засаг гарч ирэх тоолонд бүх төсөлтэйгөө шинээр танилцана гэх шалтгаанаар цаг хугацаа алдсан тал бий.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *