Төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Драмын эрдмийн театрынхан хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолтоо 2002 оноос эхлэн хийж эхэлсэн. Тэгвэл тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт энэ сарын 23-наас ирэх сарын 3-н хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ базаажээ. .
Тэдний аяны богцод театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвт шилдэг уран бүтээлүүд багтсан байна. Үүнд, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, Ардын жүжигчин А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, зохиолч С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг, ОХУ-ын алдарт зохиолч С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг, К.Драгунскаягын “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн уран бүтээл оржээ.
Эдгээр бүтээлийг орон нутгийн иргэдэд 50 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, орон нутгийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох юм байна.
“Театрын өдрүүд” аялан тоглолтын хуваарийг хүргэе.
4-р сарын 23,24,25,26-нд
Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд,
Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт.
4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д
4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт
5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга-д
5-р сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа “Мөнгөн хараа” чуулгад тус тус тоглох нь ээ.