Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Иргэд Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

Орон нутагт ажиллахдаа Сонгуулийн талаар иргэдээс нэлээдгүй санал сонссон байх. Уг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Сонгуулийн хуулийн талаар иргэд юу гэж байх юм?

-Би чуулганы завсарла­гаанаар тойрогтоо буюу Ховд аймагт ажилласан. Харин өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаад ирлээ. Уулзалтад орох бүртээ хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд дээр иргэдийн саналыг авсан. Иргэд яах аргагүй Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоотой асуудлыг ярьж байсан. Иргэдээс пропорциональ, мажоритар системийн алийг нь сонгох вэ гээд асуухад 100 хувь ард түмнээсээ сонгогдох нь зөв гэж байна. Тэгээд ч Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүд ард түмнээсээ сонгогдоно гээд бичигдсэн байдаг. Яагаад үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм бэ гэж байсан. Нэгэнт иргэдийн санал ийм байгаа тул ард түмний саналыг харгалзан Сонгуулийг хуулийг батлах ёстой.

Та Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямар байна. Захиас даалгавар юу хэлж байх юм?

-Иргэд эдийн засгийн хямралтайн дээр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан амьдрал нэлээд хүнд байгаа талаар ярьж байна. Мөн ОХУ-д болсон хямрал, рублийн ханшийн уналтаас шалтгаалан ОХУ-ын бараа бүтээгдэхүүн хоёр дахин хямдарсан. Тиймээс ОХУ-тай холбогдож байгаа үүд хаалга болох Алтанбулаг сум хийгээд Сэлэнгэ аймгийн ойрын сумд, Дархан-Уул аймгийн иргэд бараа бүтээгдэхүүнээ татаж байгаа. Энэ нь амьдралд нь арай эерэг нөлөөлж байгаа юм болов уу гэж санагдсан. Иргэдийн зүгээс газар тариалангийн бүс нутагт амьдарч байгаа болохоор төмс, хүнсний ногоо, улаанбуудай, газар тариалан эрхлэгчдийн талаарх асуудлыг түлхүү хөндөж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс гэхэд газрыг томоохон компаниудад хувьчилж өгчихөөд бидэнд яагаад газар өгдөггүй юм. Бид ч гэсэн газрынхаа үр шимийг хүртмээр байна гэдэг зүйлийг хэлцгээж байна лээ. Аймгийн удирдлагуудад энэ талаарх асуудлыг нь шийдэж өгөөрэй гэсэн чиглэл өгсөн. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмс, хүнсний ногоо тариалагч иргэд урамшуулалтай болох талаар санал хэлсэн. 2006 онд М.Энхболд дарга болон С.Баяр даргын Засгийн газрын үед нэг тонн улаанбуудай тутамд 60 ам.доллартай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг байсан бол өнөөдөр 70 мянган төгрөг өгч байгаа ч үндсэндээ 35 ам.долларын урамшуулал авч байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй холбоотой. Гэх мэтчилэн төр засаг бидэнд анхаарал бага хандуулж байна гэдэг зүйлийг хэлж байлаа.

Ногоочдын урамшууллын асуудлыг яах бодолтой байна?

-Төмс, хүнсний ногоо тариалж буй иргэд малчид болон улаанбуудай тариалагчдад урамшуулал өгдөг хирнээ бидэнд урамшуулал өгдөггүй, нөгөө талаас Хятадын хямд үнэтэй төмс хүнсний ногоонд үнэ цохиулж байна. Нэг шуудай лууванг Улаанбаатарт аваачаад борлуулахад 8000 төгрөг болсон байна гэсэн. Үүнийг кг-аар аваад үзэхээр 150 төгрөг болж байгааг хэлсэн. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй хямралтай үед урамшууллын асуудлыг шийдэхэд хэцүү ч гэсэн ногоочдын тарьсан ногоонд нь урамшуулал олгохыг шийдэх ёстой. Мөн импортын ногоонд татвар тавьж, эх орондоо үйлдвэрлэж буй ямар ч бараа бүтээгдэхүүн байсан дэмжих ёстой. Гаднаас валютаар авч буй бараа бүтээгдэхүүнийг багасгах хэрэгтэй. Бид гадаадаас авдаг зүйлсээ Монголдоо үйлдвэрлэж валютаа дотооддоо үлдээх нь зөв. Валютыг гадагш нь урсгаж буй, Монголын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлага байна.

Орон нутгийн иргэд аймаг, сумын Засаг даргыг орон нутгийн иргэдийн саналыг авч сонгох ёстой гэж байсан. Энэ нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа өнөөдөр шүдний өвчин болоод буй популизм газар авч популистууд олшрох юм биш үү?

-Популизм хийгээд нэг талдаа хүмүүст таалагдаж болно. Телевизээр мянга сайхан ярьж популизм хийлээ гээд гэдэс нь өлссөн хүний гэдэс цадахгүй. Уранхай хувцастай хүний өмссөн хувцас бүтэн болохгүй. Тиймээс шилний цаанаас чихэр долоолгох асуудал нь тодорхой хугацаанд үйлчлэхээс биш цаашаа явахгүй. Энэ ч утгаараа нэг удаагийн сонголтод алдаа гарч мэднэ. Харин цааш цаашдаа популизм хийгээд газар авахгүй юм байна гэдгийг хурдан ойлгуулах, анхан шатан дээр нь мэдрүүлэх боломж юм.

Өнөөдөр манайхан нам эвсэл, бүлэглэлээрээ хуваагдан талцаж улс орныхоо хөгжлийг хойш нь чангааж, иргэдийн амьдралд бухимдлыг бий болгож байгаа. Хэт их улс төржсөн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байдлыг бага болгох шаардлага байна. Тэгэхгүй бол намаас сонгогдсон хэдхэн хүнийг нь ард түмэн тоодоггүй харин нам эвслийнх нь 10 гаруйхан нөхөр ард түмэн ямар намайг сонгосон биш гэдэг байдлаар ханддаг зүйл алга болох юм болов уу. Тиймээс анхан шатнаасаа эхлээд дээд шат хүртлээ хэт их улс төржилт, хоорондоо хуваагддаг байдлыг болиулахад нэмэртэй.

Сонгуулийн хуулинд 48:28 гэсэн заалт батлагдах байх гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд ярилцлагадаа дурдсан байна лээ. Гэтэл танай нам 76 мажоритар тойрог болох ёстой гэсэн. Бусад намуудын зүгээс 50:50 байх ёстой гэдэг санал ч гарч байна. Мажоритараар сонгууль явлаа гэхэд ямар давуу тал байгаа гэж?

-Бид иргэдийн саналыг сонсч байгаа. Хоёр нам гэрээ байгуулахдаа сонгуулийн тогтолцоог тодорхой болгоё, аль болох мажоритар байхаар шийдэх ёстой гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь. Иргэдийн саналыг сонсч байхад яах аргагүй жагсаалтаар орж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Өмнө нь тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахад хүртээмжтэй байсан бол одоо нэг гишүүн сонгочихоор хийсэн ажлынх нь үр дүнг харж чадахгүй байна, УИХ-ын бодлого шийдвэр тэр хэмжээгээрээ хүрэхгүй байна гэсэн. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд хаана юу хийж байгаа нь харагдахгүй байна, Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна шүү дээ.

Та “ТУГ” бодлогын талаар та их ярих болж. Энэ талаараа дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Монгол Улс 1990 оноос хойш урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. 1990-2008 он хүртэл дөрөв дөрвөн жилээр Засаг барьж буй намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Харамсалтай нь сонгуулийн хугацаа дөрвөн жил тул дараагийн сонгуулиар өөр нам гарч ирж өмнөх бодлого, хөтөлбөрийг үгүйсгэн өөрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон.

Үүнийг засахын тулд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ баталсан. Урт хугацааны бодлоготой болоод түүнийхээ төлөө явдаг байя гэсэн ч харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч чадаагүй. Тийм ч болохоор зүгээр нэг хоосон цаас төдий зүйл болоод үлдчихсэн.

1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаандаа УИХ, Засгийн газар, аймаг, сумын ИТХ-ын баталсан 400 гаруй хөтөлбөр байдаг. Эднээс аль ч утгаараа хамгийн том нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого бол аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байв. Гэвч эдгээр нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй тул хэрэгжих шатандаа орхигдсон байсан юм. Үүнийг шийдэхийн тулд 2014 оны нэгдүгээр сард УИХ-д Монгол Улсын бодлого, хөгжлийн төлөвлөлтийг тодорхой болгоё гээд тогтоолын төсөл өргөн барьсан. Анх удаа УИХ-ын бүх байнгын хороод уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын урт хугацааны бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг нэг хүн ахалдаг байсан бол анх удаа гурван бүлгийн даргаар ахлуулан байгуулж байсан юм. Бүх яамдын стратеги төлөвлөлтийн газрынхан орсон дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Ямартаа ч эхний байдлаар төсөл бэлэн болчихсон.

Урт хугацааны хөгжлийн бодлогод танай бүлгээс ямар санал оруулсан бэ. Хэр дэмжлэг авав?

-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард МАН-ын XXVII Их хурал болсон. Уг хурлаар “Монгол Улс 2021” гэсэн хөгжлийн зорилтыг батлахад би ажлын хэсгийг ахалж байлаа. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг сайтар судалгаа хийсэн байна. Бид өнөөдөр нэг л Монгол. Тэр утгаараа нэг л эрх ашиг, нэг зорилготой. Тиймээс нэг төрийн бодлоготой болох ёстой. Монгол Ардын нам, Ардчилсан намын тугийн доор жагсаж тэдний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байхаа больё. Бүгд Монгол Улсын төрийн далбаа гэдэг зүйл рүүгээ тэмүүлье, тэрнийхээ доор жагсъя. Өнөөдөр бидэнд “ТУГ” болсон бодлого хэрэгтэй байна. “Т” үсгээр нь Монгол төрийн бодлого тодорхой байя. Түүнийг хэрэгжүүлэх тогтвортой орчныг бий болгож тууштай ажиллах хэрэгтэй байгаа юм. Харин “У” үсгээр урт хугацааны бодлоготой байхын зэрэгцээ, дунд, богино хугацааны бодлоготойгоо уялддаг байх ёстой. Шаардлага гарвал өөрчлөлт оруулж байдаг уян хатан бодлого байх нь зөв гэдэг утгыг илэрхийлж байна. Тэгвэл “Г” үсгээр гарцтай, гаргалгаатай байх шаардлагатай. Бодлого нь хэрэгжих боломжтой, хэмжигдэхүйц байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг. Улс төрийн намууд сонгуульд орлоо гэхэд үүнийг хэрэгжүүлдэг байх юм. Хэрэв шинэ хууль баталлаа гэхэд бодлогод нийцэхгүй байвал батлахгүй байх жишээтэй.

Та бид хоёр намрын чуулган завсарласны дараа уулзаж тус чуулганы үр дүнгийн талаар ярьж байсан. Тэгвэл удахгүй хаврын чуулган эхлэх гэж байна. Хаврын чуулганаас чухам ямар хүлээлт танд байгаа вэ?

-Миний хувьд удахгүй эхлэх хаврын чуулган монголчуудыг нэг тугийн доор нэгтгэж чадах “ТУГ” бодлогоо батлах ёстой гэж үзэж байгаа. Мөн чуулганаар хуулиудаас гадна эдийн засагтай холбоотой бодлогын баримт бичиг, Худалдааны тухай, Нийтийн сонсголын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Төрийн албаны тухай, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай гээд нийгэм, эдийн засагт хэрэгтэй хуулиудаа батлах ёстой. Сонгуулийн тухай хууль, шаардлагатай гэвэл Үндсэн хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх л хэрэгтэй. Одоо бидний өмнө улс төржих биш хамтарч хийж, бүтээх цаг үе ирээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны тал дээр таны бодол ямар байна вэ?

-Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар сайн ажиллахаас өөр зам байхгүй. Учир нь өмнөх Засгийн газраа хариуцлагагүй ажилласан, эдийн засгийн хямралт байдлыг бий болгосон гээд хариуцлага тооцон огцруулсан. Одоо бол ард түмний дунд үүсээд буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхийн тулд сайн ажиллах л шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг Их хурлаас баталчихсан. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлж, бодит үр дүн гарах ёстой л доо.

Засгийн газар хэр үр бүтээлтэй ажиллаж байна гэж та харж байгаа бол?

-Одоогоор бодитой үр дүнд хүрчихсэн зүйл алга байна.

МАН засгаас гарах уу. Та бултахгүй, булзахгүйгээр ний нуугүй л хариулаад өгөөч?

-Манай нам Засагт хамтрахдаа тодорхой асуудлуудыг шийднэ гэсэн. Тэр хүрээнд гэрээ байгуулсан. Эхний ээлжинд хямралыг давах төлөвлөгөө, Сонгуулийн тухай хууль гэх мэт томоохон зүйлс дээр гэрээ байгуулсан юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаад үнэхээр үр дүн гарч иргэдийн амьдрал сайжирч, эдийн засагт нааштай үр дүн гарвал заавал энэ Засгаас гарах шаардлагагүй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улс орны эрх ашгийг өмнөө тавихгүй яваад байвал асуудлыг өөрөөр шийдэхээс өөр замгүй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *