Яг жилийн өмнө УИХ-ын дарга захирамж гарган Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулан байгуулсан билээ. Мөн ажлын дэд хэсэг байгуулж, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг багтаасан. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөл хамтран “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Н.Батцэрэг гишүүний хэлснээр төслийн эхний хувилбар бэлэн болжээ. Өнгөрөгч оны тавдугаар сараас төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулан шинжилсэн байна. Мөн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг үнэлж, 2040 он хүртэл бидний хөгжилд нөлөөтэй гадаад хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлжээ. Ингээд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй болж, бүтээх чадварыг өсгөх”, “Төрийн институцийн чадавхи, бодлогын чанарыг дээшлүүлэх”, “Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэх, нөөцийг үр ашигтай зарцуулах”, “Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”, “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх” гэсэн үндсэн таван чиглэлээр боловсруулсан байна.