Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эхнэртэйгээ олон жил аз жаргалтай амьдрах арга

Эр нөхөр нь тусгай хүчинд алба хаадаг, эхнэр нь онгоцны үйлчлэгч(стюардесс)-ээр ажилладаг тийм нэгэн Америк хос ер хоногийн туршид Номхон далайн эзгүй арал дээр хоёулхнаа хэрхэн амьдарч буйг үзүүлсэн реалити-шоу хэдэн жилийн өмнө гарч билээ. Тэр хоёр соёлт ертөнцөд эргэн ирээд нэг их удалгүй салцгаасан гэх юм. Бие биедээ учиргүй их хайртай гэцгээж нилээн хэдэн жил нэг гэрт амьдарсан тэр хоёр ийм олон хоног өөр харьцах ертөнц үгүйгээр хамтдаа байж үзээгүй, нүүр тулаад удаан хугацаа өнгөрөөхөөр хэн нэгнийхээ бүх л дутагдлуудыг нэвт олж харсан юм байлгүй дээ, хөөрхийс.

Саяхан Оросын нэг хошин шогийн жүжигчин эхнэртэйгээ олон жил эвтэй найртай амьдарсан тухайгаа хүүрнэж байна. Сэтгүүлч “Та бүхний сувдан хуримын тань ойд баяр хүргэе. Яаж ийм олон жил эхнэртэйгээ эвтэй найртай амьдарсан нууцаасаа дэлгээч” хэмээн асуухад нөгөө нөхөр “Нууцсаад байх юм алга. Эхнэртэйгээ аль болохоор бага уулзах хэрэгтэй” гэж хариулдаг юм даа. Тэр яахав хошигнож л байгаа байх л даа. Гэхдээ аль ч шоглолд чимх үнэн бий гэдэг биз дээ. Олон хоног хөдөө гадаа тэнэж яваад ирэхэд эхнэр маань улам хайр татаж гарын хоол нь илүү амттай болчихсон юм шиг санагдаад байдаг нь түүний ч баталгаа юм уу даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *