Сүүлийн үед ой хээрийн түймэр олширч байгаа юм байна. Өмнө нь тал хээр нутгаар голчлон түймэр гарч байсан бол Архангай, Булган, Увс аймагт ч ой хээрийн түймрийн дуудлагатай өнжжээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын долдугаар баг Арын хоолой гэдэг /сумаасаа зүүн хойшоо 45 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б гуравдугаар сарын 29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, АТА-иас 12 албан хаагч, сумаас 36 хүн, нийт-60 хүн, зургаан автомашинтай ажиллаж, өнөө өглөөний 6:45 цагт цурамд оруулсан байна. Түймэр унтраах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сум нэгдүгээр баг Хавтгай /аймгийн баруун зүгт төвөөс 1.5 км/ модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг иргэн Н гуравдугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагт онцгой байдлын газарт өгчээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, сум орон нутгаас 12 хүн, нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж 18:50 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэр нэг га газрыг хамарсан бөгөөд гал алдаж түймэр гаргасан этгээдийг илрүүлсэн байна. 25 настай З гэгч нутгийн иргэн гал алдсан байжээ.
Харин Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” гэдэг /сумаас баруун хойд зүгт 30 км-т/ газарт гарсан хээрийн түймрийг унтраах гэж 114 хүн, 13 автомашинтай ажиллаж 18:50 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахын тулд нийт 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар /сумаас зүүн өмнө зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан бөгөөд эл түймрийг сум орон нутгаас 25 хүн, нэг автомашинтайгаар шөнөжин ажиллажээ.