Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангаж, бие бялдар, оюуны өсөлт хөгжилтийг дэмжих ажээ.
Уг хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд 15 суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд 6-12 сартай бага насны хүүхэд, хоёр хүртэлх насны ихэр хүүхдүүд, мөн 17 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай ихэр хүүхдийг хамруулж байгаа гэнэ.
Нийт 12300 хүүхдийг “Сүү, тараг” хөтөлбөрт хамруулж, нийт 77.1 тонн сүү, таргийг хүүхдүүдэд олгоод байна гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгэм, хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, спортын бодлогын мэргэжилтэн М.Цэндсүрэн ярьсан юм.
Уг хөтөлбөрийн хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргадаг бөгөөд долоо хоногийн зургаан өдөрт сүү, тараг олгодог байна. Өдөрт 250 граммаас гурван литр сүү, таргийг талоноор өгдөг аж. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжилт сайжирч, 110 хүүхэд жингийн алдагдлаас гарсан үзүүлэлт байна.