Categories
гадаад мэдээ

“Гэрлээ унтраацгаая”

Дэлхийн дахинаа жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт нэг цаг гэрлээ унтрааж эрчим хүчээ хэмнэснээр эх дэлхийгээ хайрлаж буйгаа илэрхийлдэг уламжлал тогтоод удаж байна. Харанхуйн 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш /III. 28/ 20.30-21.30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дор болох аж.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн Австралийн Сидней хотноо 2007 онд нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байжээ. Үүний дараа 2008 оноос энэ уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 35 орон нэгдсэн байна. Үүний дараа 2009 онд “Эх дэлхийн цагт” 88 орны 4159 хот нэгдсэнээр тэрбум хүн үүнд хамрагджээ. Энэ үед зөвхөн АНУ-д л гэхэд найман мужийн 318 хотын 80 сая иргэн гэрлээ унтраасан аж. Улмаар 2010 онд дэлхийн 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүн “Эх дэлхийн цагт” хамрагдсан байна. АНУ-д энэхүү хөтөлбөрт нэгдсэн хүмүүсийн тоо 90 сая болж өссөн бөгөөд шөнө унтдаггүй гэх тодотголтой Лас Вегас хүртэл харанхуйд автав.

”Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 онд анх Австралийн Сидней хотноо хэрэгжүүлсэн.

Хөтөлбөр жил ирэх тусам хүрээгээ тэлсээр 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн “Эх дэлхийн цагт” нэгджээ. Тухайн үед Улаанбаатар хотноо зөвхөн Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Ийнхүү 2012 онд “Таны амлалт миний урам зориг” уриан дор “Эх дэл­хийн цаг” дэлхийн өнцөг булан бүрт зо­хиогдож, “Facebook”, “Twitter” зэрэг олон ний­тийн сүлжээний том компаниуд нэг­дэн оролцсон байна. Харин 2013 онд Угандад анх удаа “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдэгсдийн анхаарлыг ой модод руу чиглүүлэх санаачлагыг өрнүүлжээ. Өнгөрсөн 2014 оны хувьд “Эх дэлхийн цагт” дэлхийн 162 орны 7000 гаруй хотын иргэд оролцсон байна.

“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. Энэ нь гэрлээ унтраасан үед гэрэлтүүлэг болохоос гадна “асаасан лаа” нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, өнгөрсөнд тохиолдсон бүхэнд харамсах сэтгэлдээ зул болгон өргөх зэрэг бэлэгдлийг агуулдаг байна. Түүнчлэн “60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг аж.

Парис хот

Лондон хот

Ханжоу хот

Тайбей хот

Москва хот

Куала-Лумпур хот

Бээжин хот

Нью-Йорк хот

Дубай хот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *