Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 18,6 хувь, гэмтсэн хүний тоо 13,9 хувиар өссөн, нийслэлийн хэмжээнд нас баралт 17,9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөн нас барах явдлыг бууруулах, гэмтсэн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг зөв үзүүлэн амь нас, эрүүл мэндийг аврах мэдлэгийг алба хаагчдад олгох зорилгоор 2015 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй ажиллах төлөвлөгөөний дагуу нийт алба хаагчдын дунд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Анхны тусламж” сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна.
Уг сургалтад хамрагдсан алба хаагчид зам тээврийн осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэснээр зам тээврийн осолд өртөн нас барж байгаа иргэдийн тоо буурах магадлалтай юм.