Евроазийн эдийн засгийн комиссын гишүүн Татьяана Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 25-28-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын эхний өдөр хатагтай Т.Д.Валоваяг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.
Айлчлалын хүрээнд талууд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон, яриа хэлэлцээ хийж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход оршиж байна.
Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны байнгын үйл ажиллагаатай зохицуулагч байгууллага бөгөөд сайд нарын зөвлөлөөс бүрддэг болно. Евразийн эдийн засгийн комиссын зөвлөл нь зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр, захирамж болон зөвлөмжүүд гаргадаг байна.
Астана хотод өнгөрсөн оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ, Беларусь, Казахстаны Ерөнхийлөгч нар “Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээ”-нд гарын үсэг зурснаар Евразийн эдийн засгийн холбоо энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭХ)буюу хуучнаар Гаалийн холбоо нь ОХУ, Беларусь, Казахстан, Армен гэсэн дөрвөн гишүүн орноос бүрддэг.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд:
- гаалийн нэгдсэн албан татвар болон гуравдагч талтай гадаад худалдааны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх,
- гуравдагч талтай харилцах харилцаанд бараа худалдааны нэгдсэн горим үйлчлэх,
- гаалийн нэгдсэн зохицуулалт хэрэгжүүлэх,
- ЕЭХолбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрт бараа, бүтээгдэхүнийг гаалийн мэдүүлэг болон улсын хяналт шалгалтгүйгээр (тээврийн, эрүүл ахуйн, мал-эрүүл ахуйн, ургамлын хорио цээрийн)чөлөөтэй тээвэрлэх зэрэг үйл ажиллагааны зарчмыг баримталдаг ажээ.