Categories
мэдээ цаг-үе

Салчнаас төрийн сайд, гишүүн болсон Раздакийн Сандалхан

Маргааш Наурызын баярын өдөр. Тиймээс эл өдрийг угтан энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа Монгол Улсын Их хуралд гурвантаа сонгогдон төр түшилцэж байсан Раздакийн Сандалханыг урьсан юм.

Р.Сандалхан гуай Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрханы өвөрт төрж өссөн нэгэн. Одоогийнхоор бол Цэнгэл сумын харьяат гэсэн үг. Долоон нас хүрмэгцээ сумын сургуулийн босгыг давж эрдмийн аянд дөрөө харшуулжээ. Харин аравдугаар ангиа аймгийн төвийн сургуульд дүүргэсэн байх юм. Сандалхан гуайн ар гэрийн амьдрал тийм ч сайнгүй байсан тул найман настайгаасаа ах нартаа туслан гуалин мод бэлтгэх ажилд ханцуй шамлан орж, хоёрдугаар ангийн жижигхэн шар хүү өдөр шөнөгүй зүтгэж хүнд хүчир ажлын зах зухаас үүрч байсан аж. Нас бага байсан хэдий ч уулнаас мод буулгах, буулгасан модоо мориор Ховд голын эрэг хүртэл чирэх хүндхэн ажилтүүнд ноогддог байжээ. Гэхдээ одоогийн найман настнууд юун мод уулнаас буулгаж, мориор голын эрэг хүртэл чирэх вэ дээ. Залуус хүртэл халшрам ажилд тэгж орсон байна. Аймгийн төвд нүүрсний уурхай байхгүй тул мод түлдэг байж. Аймгийнхаа иргэдийг халуун дулаан байлгах үйлсэд тэгж анх орсон байна. Тэрбээр зургадугаар ангиасаа хойш есдүгээр сарын 15-наас өмнө хичээлдээ очиж үзээгүй бөгөөд ах нартайгаа саланд явж байгаад бүх хүүхдүүд хичээлдээ ороод жигдэрсний дараа очдог байжээ. Ямар сайндаа Эрхүүд оюутан байхдаа нэгдүгээр курсээ төгсөөд ирснийх нь дараа ах нар нь “Чи онц сурдаг юм чинь заавал эхний өдөр хичээлдээ очиж яах юм” гэдэг байсан, харин ах нар нь хичээл эхлэхэд дүүгийнхээ хувцас бүх л зүлийг хэрхэн бэлдэж өгдөг байсан тухай Сандалхан гуай дурсан ярьсан юм.

Р.Сандалхан гуай 1967 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг авто тээврийн инженер-механикч мэргэжлээр дүүргэжээ. 1967-1996 онуудад авто тээврийн тавдугаар баазад засварчнаар ажилд ороод төд удалгүй мастер болжээ. Тэндээсээ шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болсон юм. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад даргаар ажилласан байх юм. Энэ мэтчилэн дэвшиж явсаар хот хоорондын тээврийг хариуцдаг Авто тээврийн удирдах газар мөн л даргаар ирснийхээ дараа Тээврийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1990 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газар байгуулагдахад Тэргүүн дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогдсон аж. Тэндээ хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт нэр дэвшин парламентад суусан юм. Тухайн үед Ардчилсан нам анх удаа үнэмлэхүй ялалт байгуулахад МАХН одоогийн МАН-д нэг суудал авч ирсэн байдаг. Р.Сандалхан гуай энэ тухайгаа “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэлээ. Гурван удаа парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ дахь бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны ажилтан байхдаа Гавьяат тээвэрчин болжээ. “Миний ингэж яваа минь миний сайных биш. Харин хамт ажиллаж байсан хүмүүсийн минь шагнал. Тэд намайг дэмжээгүй бол өдий зэрэгтэй яваа ч юм уу даа” хэмээн тэрээр чин сэтгэлээсээ хэлсэн. Р.Сандалхан гуайтай хамт ажиллаж байсан хүмүүс нь “Шударга хүн” хэмээн өргөмжилдөг байж. Өдгөө ч хүү, охин хоёртоо, ач, зээ нартаа “Зөв шударга л яв” хэмээн захидаг тухайгаа хэллээ. Нэлээд олон жилийн өмнө “Өдрийн сонин” дээр “Явган сайд” гэдэг нийтлэл гарч байсан юм. Би чинь УИХ-ын гишүүн, сайд байхдаа ч гэсэн гуравдугаар хорооллоос Энхтайвны гүүрний баруун талын Тээврийн яам, Засгийн газрын ордон руу алхчихдаг байсан гэнэ. “Алхдаг байсан маань эрүүл мэндэд хэрэгтэй. Өөр нэг зүйл нь гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа жолоочийг өглөө эрт дуудахаас зүрхшээгээд алхчихдаг байсан юм. Олон жил сал урсгаж усанд зогссон болохоор хөл чинь эрт муудна гэж хүмүүс хэлдэг байсан тул явган алхах дуртай байсан” гэдгээ хэллээ.

Р.Сандалхан гуайн гэргийг Рахатын Жазира гэдэг. Багшийн дээд сургуулийг төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ лээ. Харин түүний охиныг Еркегул гэдэг бөгөөд эмч мэргэжилтэй юм байна. Бахатхан гэдэг хүү нь Турк-Америкийн хамтарсан сургууль төгсөөд Английн Оксфордын их сургуулийг дүүргэжээ. Өдгөө хувийн компаниа удирдан ажиллаж байгаа аж. Сандалхан гуай удирдлага доороо ажилладаг болон үр хүүхдүүддээ “Хүнд юу хэрэгтэй байна, түүнийг нь өгч бай. Өнөөдөр чи доод албан тушаалтнаа хариуцлага алдсан гээд загнаж болно. Маргааш нь тэр хүн чинь загнуулсан болохоор эмээнгүй байх үед нь “Сайн байна уу” гээд энгийн яриа дэлгэж бай. Их урам болдог юм” хэмээн хэлсээр иржээ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *