-ЦЭЭЛ СУМАА ЗЭРГЭЛДЭЭХ ЗААМАР ШИГ БОЛГОМООРГҮЙ БАЙНА-
Төв аймгийн Цээл сумын иргэд Хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Учир нь тус компани 2008 оноос Цээл сумын Засаг даргын гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдэн тусгай зөвшөөрлөө сунгасаар ирснээс гадна хайгуулын талбай болох 3000 га газарт соёлын үнэт өв болох хадны сүг зураг, хиргэсүүрээс гадна цэнгэг уст нуурын ундарга багтжээ. Үүнээс гадна хоёр ч тусгай зөвшөөрөл Цээл суманд олгожээ. Шүүх хурал өчигдөр болсон бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хэргийн талаар Цээл сумын иргэн Б.Төрбатаас тодрууллаа.
-Анхан шатны шүүхийн шийдвэр “Еос” компанийн талд гарсан. Энэ нь Цээл сумын Засаг даргын гарын үсэг, тамгыг удаа дараа хуурамчаар үйлдсэнийг харгалзалгүй шийдвэрээ гаргасан гэсэн үг үү?
-Чухам ийм л учраас “Еос” компанийг шүүхэд өгсөн хэрэг. Ард иргэд нь, удирдлагууд нь зөвшөөрөх нь бүү хэл энэ талаар мэдээгүй байтал гэнэт гарч ирснээ газар шороог нь ухна, алтыг нь авна гэж болохгүй биз дээ. Тус компани Цээл сумын Лүн толгой хэмээх газарт 3000 га газарт хайгуулын лиценз эзэмшдэг байсан юм байна лээ. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшдэг гурван талбайн нэг нь шүү дээ. Лүн толгойд өнгөрсөн хугацаанд хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байгаад одооноос ухаж, олборлож эхлэх гэсэн хэрэг. Энэ талаар сумын иргэд, удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард мэдсэн. Уг нь бол хайгуулын лицензийн ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар жил бүр батлуулж, гарын үсгийг нь зуруулах ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засаг даргын гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдэн хайгуулын төлөвлөгөөгөө сунгасаар өдийг хүрсэн гэсэн үг. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай уулзан, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулахыг оролдсон. Түүхийн үнэт өвөөс гадна урт нэрт хуулиар хамгаалагдсан нуур, ундны усны эх үүсвэр бүхий газраа ухуулахыг хүсээгүй учраас татгалзсан хариу өгтөл үйл ажиллагаанд саад болсон гэх нэрийдлээр “Еос” компани шүүхэд хандсан. Харин Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засаг даргыг хайгуулын төлөвлөгөөнд нь гарын үсэг зурах шийдвэр гаргасан. Өмнө нь Засаг даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж байсныг тогтоосоор атал шүүх хурал огт авч хэлэлцээгүй. Цээл сумын иргэд, удирдлагууд анхан шатны шүүхийн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн анхан шатны давж заалдах шатны шүүхэд хандсан хэрэг. Хэргийг хянаж үзээд, нотлох баримтууд дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.
-Нутаг орноо унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд Цээл сумын иргэд нэгдэн төрийн бус байгууллага байгуулсан гэлүү?
-“Өгөөж баян Цээлээ аваръя” хэмээх төрийн бус байгууллагатай болоод хэдхэн хоногийн өмнө албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авлаа. Өвөг дээдсийнхээ булш бунханг хөндүүлж, түүхийн дурсгалт газраа сүйтгүүлж, газар шороо нуур цөөрмийг нь ухсан шороо болгохгүйн төлөө сумын иргэд нэгдэж, алтны олборлолт хийлгүүлэхийг эсэргүүцэн гарын үсгээ бүгд зурсан. Хайгуулын лицензийн талбайд 1921 оноос өмнө үед хамаарах “Бурхан багшийн хөрөг”, “Хийморийн морь”, “Маанийн зургаан үсэг”,“Газар усны маань” хэмээх хадан дээрх сүг зургууд, газар тариалан, хадлангийн талбайгаас гадна орон нутгийн хамгаалалт тусгай хамгаалалт бүхий “Бурхантай нуур” хүртэл багтаж байгаа. Урт нэрт хуулинд зааснаар тухайн орон нутагт уул уурхайн олборлолт хийх гэж байгаа бол иргэдээс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн. Бас усны эх, ойн сав газраас 200 метрийн зайтай ашигт малтмалын олборлолт явуулах ёстой. Шороон орд учраас тэнд нь боловсруулна гэсэн үг. Тэнд нь боловсруулна гэдэг нь Бурхантай нуурын усыг ашиглана л гэсэн үг. Ойр орчмыг нь сэндийчээд, дээрээс нь усаар нь өдөр шөнөгүй алт угаахаар чинь дорхноо ширгэнэ. Тэгтэл “Еос” компанийн захирал Өлзийбаяр “Тэр нуур гээд байгаа чинь шалбааг л байна ш дээ” гэж нутгийн иргэд биднээр тохуу хийсэн. Өлзийбаярт шалбааг бол бидэнд 10 хүрэхгүй га газрыг хамардаг амин нуур минь юм. Эндээсээ хүн малгүй ундаалдаг юм. Манай сум гол горхигүй учраас “Бурхантай”, “Гэзгэн тасархай”, “Сүүл”, “Цайдам” зэрэг хэдхэн нууртай. Бас болоогүй ээ, “Манийн зургаан үсэг зэрэг хадны сүг зургийг чинь тойруулаад ухчихъя” гэж биднийг доромжилсон. Яагаад гэвэл томоо гэгчийн цул хадан дээр бүгд сийлэгдсэн учраас ойр хавийг нь ухаж, сэндийлж, доргиохоор эвдэрч сүйдэх нь гарцаагүй.
-Уг нь танай сум улаанбуудай, хүнсний ногоо, хадлан тэжээлийн тариалалтаараа аймагтаа эхэнд нь явдаг гэсэн байх аа?
-“Еос” компанийн хайгуулын эрхэнд хамаарах тэрхүү газар манай сумын газар тариалан, хадлангийн гол бүс. Бид ухдаг бус ургадаг алтыг тариалж, мал сүргийнхээ ашиг шимээр амь зуудаг. Улаанбуудай бол ургадаг алт юм шүү дээ. Өнгөрсөн онд манай сум 21 мянган тонн улаанбуудай, 50 гаруй мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, малчдадаа тараахаас гадна улсын нөөцөд жил бүр тушаадаг. Тэнд байгаа алтны нөөц нь 500 кг хүрэхтэй үгүйтэй хэмээн нутгийнхан ярьж байна лээ. Ер нь түүнээс илүү ч байсан хэдхэн жилийн дотор ухаж гаргаад, гадагш нь зөөчихнө. Тэгвэл эрүүл ухаантай хэн нь бодсон ийм их өгөөж арвинтай сайхан хангайгаа хэдхэн жилийн дотор сүйтгүүлээд, мал хуй нь харангадаж, хүн амьтан нь дайжсан газар болгох уу эсвэл унаган төрхийг нь хэвээр үлдээж, өвөг дээдсийнхээ шарилыг хөндөхгүй авч үлдэн, тэндээ үе удмаараа тавтай сайхан амьдрах уу гэдгээс сонголтоо хийх болчихоод байна.
Манай сум элсэрхэг, зөөлөн хөрстэй учраас тэнд хөрсийг нь сэндийлж ухаад, энд тэндгүй ачааны автомашин холхиод эхлэх юм бол дорхноо сүйднэ. Дээр нь эргэж нөхөн төлжихдөө тун удаан. Алтны олборлолт эхлэх юм бол тэнд тоосжилт үүсч, агаарын хуурайшилт бий болно. Агаар нь хуурай болохоор бороо хур орохгүй шүү дээ. Хургүйгээр тариа ногоо, өвс ургамал ургахгүй. Нуур цөөрөм нь ч ширгэнэ. Нэг үгээр хэлбэл тэнд хүн мал амьдрах нөхцөлгүй болно. Жил бүр хамгийн их хадлан, тариа ногоог манай сумаас л хурааж авдаг. Төрж өссөн газар нутгаа ухсан нүх овоолсон шороо болгочихвол мал сүрэг нь юу идэж, хүн амьтан нь хаанаас ундаалж, тариа ногоо хадлангаа хэрхэн тарих юм бэ. Зун намартаа Бурхантай нуурынхаа эргэн тойронд нутагладаг.
-Танай сум хичнээн толгой малтай билээ?
-150 гаруй мянган тоо толгой малтай. Бас700-аад өрх, 2800 гаруй хүн амтай. Харийн мөнгөтэй хэн нэгэн, эх оронд минь ирээд, газар шороог нь хүссэнээрээ ухаж сэндийчиж, баялгийг нь цөлмөөд байж боломгүй л санагдах юм. Энэ улс орон чинь төртэй, хууль цаазтай. Тэр нь бүгд нь ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг гэж ард түмэн бид санадаг шүү. Тиймээс шүүхийн шийдвэр ард түмний талд гарна гэдэгт итгэлтэй байна. Алтны олборлолт явагдсан орон нутаг газар шороо ямар болдгийг манай сумынхан сайн мэднэ. Зэргэлдээх Заамар сум байж л байна. Сумаа би ирээдүйн бас нэгэн Заамар болгохгүйн төлөө тэмцэнэ
М.УУГАН-ЭРДЭНЭ