Билгүүн номч хэмээн олноо хүндлэгдсэн Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол Судлалын Хүрээлэн хамтран “Монгол хэл бичиг, өв соёлын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хурлын үеэр БСШУ-ны дэд сайд Б.Тулга, “Б.Ренчин гуайн Монгол Улсад оруулсан хувь нэмрийн үнэлж баршгүй юм. Бидний өнөөг хүртэл судалж байгаа шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн байгуулагч. Мөн улс төр, ардын урлаг зэрэгт хамгийн анхны судлагаа хийж, дэлхий нийтэд Монгол судлал болгож гаргаж ирсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тиймээс энэ хүний их үйлсийг Монгол төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг мартах ёсгүй юм” гэлээ.Уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20-иод их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй нэрт монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачид оролцлоо.