Categories
мэдээ нийгэм

Соёлын хэт хожимдол

Монголын нийгэм дэх соёлынхэтхожимдол

Амжилттай, үр дүнтэй өөрч­лөлт нь хөгжлийг дагуулдаг. Монголчууд бид өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй ярьж, хэрэгжүүлж яваа боловч жинхэнэ утгаа­раа хөгжилд хүрч байна уу? гэдгийг эргэн нэг харья. Хөгжил дэвшлийг хангахдаа материаллаг болон материаллаг бус соёлыг аль алиныг төлөвшүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр материаллаг тал түрүүлж өөрчлөгдөж, материаллаг бус зүйлс хоцорч үлддэг. Үүнийг соёлын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид соёлын хожимдол (cultural lag) хэмээн тодорхойлдог байна. Байгалын шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухаанаас ямагт түрүүл­дэг бөгөөд аливаа шинэ ололтын цаана ихэнх төлөвдөө нийгэмд учрах аюул нуугдаж байдаг. Иймээс өөрчлөлтийн нөлөөгөөр үүсч буй сөрөг үзэгдлүүдийг материаллаг бус соёлоор дамжуулан зөв зохистой удирдах нь зүйн хэрэг юм.

Монголчууд бид сүүлчийн удаа нийгэм эдийн засгийн тогтол­цооны томоохон өөрч­лөл­тийг 1990-ээд оноос эхлүүл­сэн бөгөөд энэ ньулс төрийн ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоо юм. Маргарет Тет­чер хэлэхдээ “ардчилал бол хөгжлийн гол тулгуур мөн, гэхдээ хангалттай нөхцөл биш” гэсэн байдаг. Ардчилсан үндсэн хууль, ардчилсан сонгууль, ардчиллын үнэт зүйл бүрийг бид тогтолцоондоо шингээн өөрчлөлт хөгжлийг хангах оролдлого хийсээр 20 гаруй жилийг ардаа орхилоо. Бидэнд хөгжил дэвшил нүдэнд харагдахуйц бий болж байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь зөвхөн өнгөн тал буюу материаллаг соёл төдий. Харин бидний сэтгэлгээ, үзэл бодол, итгэл үнэмшил, ёс суртахуун, үзэл суртал өнөөдөр яг ямар байгаа вэ? Ардчилалын үнэт зүйлс бидний үйл хөдлөлд бүрэн тусгалаа олж байна уу? гэсэн асуултуудад хангалттай гэсэн хариулт харамсалтай нь олдохгүй байна.

Түүнчлэн хөгжсөн улс орнуудын амжилттай хэрэгжсэн тогтолцоо, туршлагыг бид эдийн засаг, бизнесийн нийтлэг хүрээндээ нэвтрүүлэхээр оролдож, туршлага сургам­жуудыг бий болгосоор явна. “Швед” “Британи”, “Америк”, “Япон”, “Швейцарь”, “Австрали”, “Солонгос” гэсэн тодотголтой олон систем, тэргүүн турш­лагуудыг улс орны хэмжээнд болон салбар, байгууллагуудын түвшинднэвтрүүлэх гэж оролдож байна. Хэдий тийм боловч түүнийг дагаж хүмүүсийн үйл хөдлөлийг зөв залж чадахгүйн улмаас гарз, хохирол, сөрөг үйлдлүүдийг дагуулсаар байна.

Өнөөдөр бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнд байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрс­дийн хэрэглээнд өндөр хурдаар нэвтрүүлж, технологийн дэвшлүүдийг ч ашиглаж улс орны нийт эдийн засаг ч өсч хөгжиж байна. Гэхдээ үүнийг дагажэдийг шүтэх хандлага, зохисгүй хэрэглээ, буруу хэвшил, гэмт хэрэг,зөвхөн баяжих эрмэлзлийг эрхэмлэх, төрийн дээд удирдлагад ёс суртахуунгүй хүмүүс шурган орох, авилгал, хулгай дээрэм дэлгэрэх зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэжээ. Энэ мэтчилэн Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн тодорхой бус, алаг цоог, зөрчил ихтэй байгаагаас харахад зөвхөн хожимдож буй хэрэг биш, “соёлын хэт хожимдол” гэж хэлж болохоор байна. Энэ нь манай улсын хөгжилд чөдөр тушаа болж, чөтгөрийн тойргийн эхлэл болсон хамгийн чухал шийдвэрлэх асуудал юм.

Соёлын хожимдлыг зөв зохистой удирдах нь

Соёлын хожимдол нь ямар ч нийгмийн өөрчлөлтөнд зайлшгүй илрэх дүр төрх юм. Хэдий тийм боловч өндөр хөгжилтэй орнуудын амжилтанд хүрсэн гол шалтгаануудын нэг нь материаллаг соёлын өөрчлөлтийг дагаж нийгэмд материаллаг бус соёлыг зөв зохистой удирдаж ирсэнтэй холбоотой байдаг. Аливаа нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс, норм, хэм хэмжээний тогтолцоо болох соёлыг тогтоож, энэ нь хүмүүсийн оюун санааны програмчлал, хэвшсэн зан төлөв болж, хүний үйлдлийг удирдаж байдаг. Энэ утгаараа соёлыг хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл, албан бус институци гэж үздэг байна. Соёлын гол цөм болох үнэт зүйлсээ зан үйл, бэлгэ тэмдэг, ёс заншилдаа шингээн, үндэсний баатруудаараа дамжуулан удирдаж ирсэн туршлага нь соёлын хожимдлыг зөв удирдах гол арга болсоор иржээ.

Хүүхдүүд бага наснаасаа эхлээд эцэг эх, гэр бүлийнхний зүгээс хүүхдээ сурган хүмүүжүүлж буй арга ухаан, зааж буй сургааль, уншиж буй үлгэр тууль, үзүүлж буй зурагт ном гээд бүх зүйлс энэ бүхнийг удирдаж буйн тод жишээ юм. Тэргүүн туршлага бүхий олон орнуудад хүүхдийн үлгэрийн болон зурагт номын баатруудыг өөрсдийн орны үнэт зүйлсийг шингээн бүтээж, тэднээр дамжуулан нөлөө үзүүлж байдаг. Гадаад үлгэрүүдийг орчуулан хэрэглэхдээ ч өөрсдийн нөхцөлд тохирч байгаа эсэхийг шүүн хэлэлцэж, зарим талаар өөрчлөлт оруулсаар иржээ. Жишээлбэл Герман хэл дээр гарсан олон үлгэрүүдийг Америкийн хүүхэлдэйн кино­нуудад амилуулсан боловч үндсэн утга санааг өөрсдийн орчинд зориулан Америк мөрөөдөл болгон бүтээсэн байх юм.

Улс үндэстэн бүрийн хувьд өөрсдийн гэсэн баатрууд тодрон гарч ирдэг төдийгүй зарим тохиолдолд зориудаар баатруудыг бүтээж, үлгэр дуурайлал үүсгэн, нөлөөлж ирсэн байна. Тэр дундаа эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд, спортын алдартнууд энэхүү үүргийг гүйцэтгэх нь хамгийн түгээмэл.

Улс бүрт ухаант ардын хэлсэн үг, зүйр үг, сургасан сургаалиуд байсаар ирсэн ба энэ нь тухайн нийгмийн бүлгийн хувьд үзэл суртлын үүрэг гүйцэтгэж, хүмүүсийн үйл хөдлөлийг удирдаж иржээ. Тухайлбал бид “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдгээс хамтач байхыг, “Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэдгээс бусдад туслахыг, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”, “Хүн болох багаасаа” гэх зэргээс үнэнч шударга байхыг хүүхэд байхаасаа эхлэн заалгасаар ирсэн байдаг.

Энэ мэтчилэн нүдэнд үл харагдах үнэт зүйлсээ ёс заншил, бэлгэ тэмдэг, үндэсний баатар, зан үйл зэрэг гадаад илрэлүүдээр дамжуулан удирдан залж, өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны амьдралыг удирдах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарчээ.

Гэвч өнөөдөр бидний үнэт зүйл юу вэ? цаашид юу байх вэ? гэсэн хоёр асуултанд хариулт олж чадалгүй гайхаж, эцэг эхчүүд хүртэл үр хүүхдүүддээ юуг зааж сургахаа мэдэлгүй эргэлзэхэд хүргээд байна.

Харийн олон соёлын нөлөөгөөр, харсан сонссон бүхнээ сохроор дагаж, ямар ч дархлаагүй явсаар хөгжил дэвшилд хүрэхгүй.

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Үнэт зүйлийн судалгааны баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *