Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” зорилтот төслийн цуврал концертууд амжилттай үргэлжилж байна. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.
Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд байна. Концертонд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт З.Хангал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор тоглогдох юм. Уг тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгох нь ээ.
Тоглолт энэ сарын 19-нд буюу өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болох нь ээ. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байгаа аж.