Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өчигдөр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтснээс дөрөв нь хүүхэд байсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий боловч согтуугаар авто машин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1 бүртгэгджээ. Тухайлбал, БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтуурлын зэрэг 2.10 хувьтай байжээ. Мөн БЗД-ийн нутаг Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16%-тай байсан зэрэг хэрэг бүртгэгдсэн аж.
Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу 3 сарын 18-ны өдөр\ажлын өдөр\ энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ар талд найз нөхөд, хамт олон, ихээхэн нөлөө үзүүлдэг. Тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд үүсгэж байна. Ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод ухаарах биш бусдын алдаан дээрээс ухаардаг байгаасай” гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн хошууч н.Амаржаргал ярьж байна.