Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн циркчид монголд иржээ

Олон улсын шилдэг циркчдийн “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолт энэ сарын 23-аас эхэлэн Монголын үндэсний циркт болох нь ээ. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног л саатах юм байна. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцно.

Тэгвэл олон улсын циркчид эхнээсээ Монголд иржээ. Өнөөдөр Ардчилсан Солонгос, БНХАУ-ын циркчид монголын циркийн манежнаа бэлтгэлээ базаах юм байна. Харин маргааш Испаи, Англиас циркчид Монголд ирэх нь ээ.

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран 2013 онд “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг анх удаа хийж байхад 13 орны циркчид ирж оролцож байсан. Энэ удаад 12 орны циркийн жүжигчид Монголд бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийхээр бэлтгэл үндсэндээ хангагдаад байна.

Сонирхуулахад, энэ удаагийн тоглолт өмнөх тоглолтоос тэс өөр шинэ үзүүлбэрүүд багтсан байгаа аж. Энэхүү тоглолтод оролцох циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын 11 жүжигчин манайд ирсэн. Мөн циркийн амь өрссөн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бол илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид маргааш хүрэлцэн ирнэ. Түүнчлэн сургуулалттай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, Латвийн циркчийн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд тун удахгүй ирэх нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *