Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан, мөрдөгдөж эхлээд байгаа билээ. Энэхүү шинэчилсэн найруулгаар Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагыг хуульчилж, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чөлөөт бүсийн Захирагчийг томилж, чөлөөлөхөөр заасан. Тэгвэл энэ дагуу Аж үйлдвэрийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд чөлөөт бүсийн Захирагч нарыг өнгөрсөн лхагва гарагт томилж, чөлөөллөө.
Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 55 тоот тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Даваагийн Батсайханыг, мөн өдрийн 56 тоот тушаалаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Чимэддоржийн Чимэдсүрэн нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Чөлөөт бүсийн захирагч нарыг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 18–ны өдрийн 59 тоот тушаалаар Пүрэвбазар овогтой Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн өдрийн 58 тоот тушаалаар Доржбалын Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.
Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Нямхүү Чөлөөт бүсүүдийн Захирагчийг томилж, чөлөөлсөн сайдын тушаалыг Аж үйлдвэрийн яам болон Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хамт олонд танилцуулж, шинээр томилогдсон Захирагч нарт амжилт хүсээд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгөв.