Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд хүргэв. Энэ үеэр цухас дурдагдсан тус байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоол олон нийтийн анхаарлыг эрхгүй татах тогтоол болжээ. Анхаарал татахаар болсон гэдгийн учир нь Эрдэнэс Таван толгой компанид иргэн бүрийн хамааралтай 1072 хувьцааны асуудлыг хөндсөнд байгаа юм. Үнэндээ газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч гэлцдэг ч тэр баялгийнхаа үр шимийг барин тавин мэдэрч, барьж байсан нь ховор. Нэг хэсэг иргэн бүр 1072 хувьцаатай боллоо гэж хөөрсөн ч хэзээ ач тус нь ирэх, хэзээ мөнгө тэмтрэгдэх нь мэдэгдэхгүй байсаар удсан. Зөвхөн интернэтэд орж регистрийн дугаараа бичээд танд 1072 хувьцаа байна гэснийг харж баярлахаас өөр зүйлгүй болчихоод байсан билээ. Өөрөөр иргэн бүрийн өмчлөлд ирэх 1072 хувьцааны асуудлыг бүр мартаад байсан юм. Зогсоод байсан Таван толгой хөдлөх болсон тухай сүүлийн үед ярьж эхэлсэн ч иргэдэд хамааралтай хувьцааны тухай мэдэх хүн алга л байв.
Харин дээрх 05 дугаар тогтоолын хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Таван толгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгахыг даалгаснаар сураггүй болсон хувьцааны чиг гарах боломжтой болж байна. Монголын бүх иргэний эрх ашигт хамааралтай, тэдний ашиг сонирхлыг татаж байгаа учраас хувьцааны асуудал дээр төр засгаас гарах шийдвэр бүрийг хүн бүхэн ажиж байсан юм. Тэгэхээр одоо энэхүү тогтоолоор бидний 1072 ширхэг хувьцаатай холбоотой ганц хоёр заалт ч биш, бүхэл бүтэн бүлгийг тусгах даалгавар Засгийн газарт, тэр дундаа ажлын хэсгийг ахалж байгаа М.Энхсайхан сайдад ирж байна. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Эрдэнэс Таван толгой компанид иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг УИХ шийднэ” хэмээсэн байдаг. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаад уг даалгаврыг өгчээ.
Хувьцаа эзэмшиж байгаа нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг хөрөнгө оруулагчидтай хийх гэж зориуд үг зааж, эл даалгавраа өглөө. Тэгэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн уг тогтоолыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, энэ чиглэлд гэрээ хэлэлцээрийг зангидан ажиллаж байгаа М.Энхсайхан сайд нар биелүүлж ажиллаж таарна. 1072 хувьцааг нэрлэсэн үнээр нь буюу 933 төгрөгөөр нь худалдаж, сая төгрөгөө авах хүсэлт гаргасан хүмүүс олон байдаг. Бараг 1.2 сая иргэн хувьцааныхаамөнгөө авах хүсэлт тавьсан боловч тэдэнд өгөх 1.1 их наяд төгрөг байхгүй учраас тэр хүмүүсийн сая төгрөг ч, хувьцааны эрх ч тодорхойгүй болчихоод байсан. Харин уг тогтоолын нэгдүгээрт “Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ” авах гэж заажээ. Тэгэхээр тодорхойгүй болчихсон байсан асуудалд чигийг нь зааж өгчээ гэж ойлгож болохоор байна.
Ямартай ч Монгол Улсын бүх иргэнд хамааралтай атлаа нам гүм болоод байсан 1072 хувьцааны асуудал ийнхүү эргэн яригдаж эхэллээ. Иргэдийн гомдол, өргөдлийн мөрөөр үүнийг гаргаж ирсэн Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд талархаж, О.Баасанхүү даргыг нь болоо ш дээ гэмээр. Ямартай ч УИХ-ын байнгын хороо Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулж, Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан болохоор удахгүй хувьцааныхаа талаар нааштай мэдээ сонсч эхлэх биз ээ.
Э.ЭНЭРЭЛ