Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ХБНГУ-д айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.16/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурлын даргад, Доод Саксон мужийн парламентын гишүүд хэрхэн үг хэлж саналаа хураалгах болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж, дурсгалын зураг авахуулснаар уулзалт өндөрлөв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

“CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав.
“Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов Улсын Их Хурлын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа, “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон муж улсын Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаа “CeBIT-2015” үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 3300 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.
Мөн өнөөдөр /2015.03.16/ Улсын Их Хурлын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав.
Фольксваген компани 1956 оноос Ханновер хотод үйлдвэрээ нээн ажиллуулж байсан түүхтэй. Үйлдвэрийн ажлын 85 хувь нь бүрэн автоматчлагдан, машин үйлдвэрлэх процессууд системчлэгджээ. Дэлхийн ихэнх оронд өөрийн тусгай сүлжээ болон хэрэглэгчидтэй тус компанийн машины борлуулалт жилд 10 саяд хүрдэг тооцоо байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *