Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөлбөмбөг бол эх орноо сурталчлах хэмжээлшгүй боломж

Нэр хүндтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй спорт бол хөлбөмбөг. Хөлбөмбөгийн ДАШТ олимпийн дайтай л болж өнгөрдөг. Энэ спортоос хөгжөөн дэмжигч гэж хэн бэ, фанат гэж ямар хүнийг хэлдэг вэ, легионер гэж юу байдаг вэ гэдгийг жинхэнээр нь мэдэрдэг. 2018 онд болох ДАШТ-ийх нь шалгаруулалт эхэлчихлээ. Наана нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам болох байтал улс орнууд тийшээ биш Орост болох хөлбөмбөгийн тэмцээн рүү л харж байх шиг. Энэ удаад шигшээд ямар багууд үлдэх талаар, багуудын бүтэц бүрэлдэхүүний талаарх таамгууд явж байна. Манай тивийнхэн учраа, учраагаа олоод “үзэлцэж” эхэллээ. Монголын шигшээ баг Зүүн Тиморын багтай тоглоод 4:1-ээр хожигдчихов. Уг нь бидэнд хожих хувилбар байсан ч ур чадвар нь өссөөр байгаа тус багийн хаалганд нэр төрийн гоол л оруулаад амжсан. Тэмцээний хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болно. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэгчээр манайхан хаалгандаа бөмбөг алдахгүйгээр өрсөлдөгчийнхөө хаалгыг гурав, эсвэл дөрвөн бөмбөгөөр мялаачихад л тоглолтын хувь заяа манайх руу эргэчихнэ. Дахиад ялагдчихвал харамсалтай л юм. Хөлбөмбөгчид маань хурдтай, хараатай, хөгжөөн дэмжигчид маань цог золбоотой байвал ч ядах юм юу байх вэ гэх өөдрөг бодол төрнө. 17-ны өдөр нийслэл хотод маань жаахан салхитай, нэмэх хоёр хэм дулаан байна гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв байна. Гэхдээ хаврын тэнгэр аашаа хувиргаад цас оруулж, шуурга тавьж ч мэднэ. Агаарын хэм хасах руу, ядаж тэг болчихвол дулаан орны тиморчууд бээрээд хөдөлгөөн нь удааширч, манайд олз болж мэдэх юм. Хэрэв энэ удаад өрсөлдөгчөө итгэл төгс буулгаад авчихвал урагш нэг шат алхлаа л гэсэн үг. Монголын хөлбөмбөгийн багийн фанатууд ийн ярилцан хариу тоглолтыг хүлээж сууна. Хүмүүс яагаад энэ спортын төлөө ингэж сэтгэл зүрх, цаг заваа баран байж анхаарал хандуулдаг юм бэ. Олон мянган хүнийг өөртөө соронзон мэт татдаг энэ спорт бол дэлхийн хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг. Дэлхий үзэл бодлоороо хуваагдчихсан байхдаа нэг нэгэн рүүгээ бууны ам чиглүүлсэн ч талбайдаа хоёр багаа өрсөлдүүлдэг байлаа. Нэг талаасаа хөлбөмбөг нь жинхэнэ эрчүүлийн наадаан, халз тулаан. Нөгөө талаар эх орноо сурталчлах аугаа боломж гэдэгтэй дэлхийн ихэнх орон санал нэгддэг юм.

Бид олон арван жилийн тэртээгээс л Аргентинийг Марадонагаар, Бразилийг Пелегээр л төсөөлсөөр ирсэн. Аргентин гэхээр л Марадона, түүний багийнхан, дасгалжуулагчид нь, хөгжөөн дэмжигчид, багийнх нь дуу, төрийн далбаа нь нүдэнд дасал болчихсон байдаг. Аргентинчууд өөрийн орны сурталчилгааг хийхдээ эхний ээлжинд хөлбөмбөгчдөө харуулж, байгалийн үзэсгэлэнт газруудаа үзүүлэн “Манайд ирээрэй” гэж инээмсэглэдэг байлаа. Тус улс хөлбөмбөгийн спорт, шилдэг хөлбөмбөгчдийнхөө буянаар жилд олон сая жуулчин хүлээж авч, аялал жуулчлалын салбараа хөл дээр нь босгочихсон байдаг. Үнэндээ саяхныг болтол бид Аргентиныг Марадона төдийгөөр л төсөөлөн хүлээж авдаг байлаа. Гэтэл тус улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ямар байсан талаарх түүхэн бодит материалыг үзэж сонирхоод андуурч байснаа анзаарцгаасан. Зүгээр л нэг жишээ хэлэхэд тус улсын ерөнхийлөгч Хуан Доминго Перон эхнэр Эва Пероныхоо хамт эх орноо хэрхэн дарангуйлж, туйлдуулж байсныг дэлхий нийт хэдхэн жилийн өмнө мэдэцгээж их гайхсан. Эва Перон тэргүүн хатагтайн суудалд суунгуутаа л хөрөнгөтөн, баячуудыг хавчиж гадуурхан, хөрөнгийг нь ядууст хувааж өгөх ёстойг ухуулан сурталчилж, өөрийнхөө талд олон мянган ядуусыг оруулсан хүчтэй армийг бий болгосон байдаг. Тэр үед жинхэнэ популист ямар байдаг вэ гэдгийг төгс төгөлдөр харуулдаг байж. Гэтэл Аргентины энэ дотоодод үүссэн байдлыг гадныхан төдийлөн мэддэггүй байв. Дараа нь ч тэр сөхөж яриагүй. Яагаад гэвэл дэлхий нийт аргентинчуудыг хөлбөмбөгчид шигээ л мундаг, өө сэвгүй, чадварлаг улс гэж хардаг байсанд оршино. Ингэж л хөлбөмбөг гэх спортоор улсынхаа муу муухайг далдалж, хөлбөмбөгчдөөрөө улсаа сурталчлуулж нэр хүндээ алдаагүйг олон улсын судлаачид онцолдог.

Бразилийг мэдэхгүй хүн үгүй. Бразил гэх энэ үг яагаад бидний чихэнд хоногшчихсон юм бэ гэхээр бас хөлбөмбөгтэй холбоотой. Монголд хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэгтэй адил Бразилд хүү төрвөл хөлбөмбөгч болно гэж ярьцгаадаг. Эх орноо тэд хөлбөмбөгөөр л сурталчилж таниулж чадсан. 2016 оны олимпийг зохион байгуулах эрхийг хөлбөмбөгчдийнхөө нүүрээр авсан гэж ярьдаг тал ч бий.

Ингэхээр шилдэг хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн багтай болчихвол улс орон нь хичнээн ядуу, хар тамхи мансууруулах бодист автсан байлаа ямар ч улс мандаж болдог юм байна гэх сонин бодол төрөх ажгуу. Хөлбөмбөг бол хэзээ ч ганхахааргүй өндөр сэнтийд гарчихсан спорт. Түүнийг доош буулгачих хэмжээний спортыг хүн төрөлхтөн ойрын хоёр зуун жилдээ олоод зохиогоод гаргаад ирж чадахгүй. Аргентин, Бразилийг л онцолсон болохоос биш цаана нь энэ спортоор эх орноо сурталчилдаг, жуулчдыг татдаг орнууд гэвэл Испани, Герман, Англи, Итали, Уругвай, Голланд, Франц гээд хөвөрнө. Азичуудын хувьд хөлбөмбөгөөр хөөцөлддөг ч барууныхны анхааралд өртдөггүй байсан бол Япон, БНСУ-ын хөлбөмбөгчид дориун тоглож дэлхийн аваргын шигшээд хүртэл шалгараад амжсан. БНСУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ тус улсыг дэлхийд бүрнээ таниулж чадсан юм билээ. ДАШТ-ий дараагаар Солонгосыг зорих хүмүүсийн тоо 2.3 дахин өссөн гэдэг шүү. Ийм л хүчтэй спорт юм, хөлбөмбөг.

Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, шөрмөстэй монголчуудад тохиромжтой спортын төрлүүдийн хоёрдугаарт хөлбөмбөгийг оруулдаг гэсэн. Монголчууд үүх түүх, өв соёл, байгаль, урлагаараа дэлхийд танигдсан гэдэг ч үнэндээ тийм биш шүү дээ. Дэлхийн хэмжээнд, Африкийн өмнөд зах, Канадын хойд хэсэг гээд дэлхийн бөмбөрцөгийн булан тохой бүрт улсынхаа нэрийг дуурсгах, хадаах хамгийн том боломж бол хөлбөмбөг. Бид энэ хөлбөмбөгийг эх орноо сурталчлах суваг гэдэг талаас нь харж Үндэсний шигшээгийн асуудлыг Монгол Улсын нэр хүндтэй холбоотой хэмээн үзэж онцгой анхаарах цаг болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо гэх хэдэн хүний ажил биш, нийт монгол туургатны нэр төртэй холбоотой зүйл гэж сэтгэл, оюун бодлоо зориулах цаг нь хэдийнэ болчихоод байгаа юм биш үү. Үүнд төр маань бодлогын түвшинд анхаарч, хөлбөмбөгчдийг үе үеэр нь бэлтгэх хэрэгтэй. Манай хөлбөмбөгчид ч сэтгэл зүрхээрээ зүтгэсээр зарим нь нэр хүндтэй багт худалдагдаж эхэлж байгаа энэ үед хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хүчтэйхэн шиг ташуур өгөх хэрэгтэй байна.

Хэрэв зээ хөлбөмбөгийн шигшээ шиг шигшээтэй Азидаа Солонгос, Японы ард орох хэмжээний багтай болчихвол дээр хэлсэн Африк, мафрикийн булан тохой, Сахарын цөлд таарсан хэн ч Монгол гэж ямар улс байдаг, Азийн альхан хэсэг оршдогийг мэддэг болчихно.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *