МАН-ын дэргэдэх дүрмийн дөрвөн төрийн бус байгууллагын отгон байгууллага болох “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо ээлжит VI их хурлаа хийсэн байна. Энэхүү хурал Монгол Ардын намын үүсэн байгуулагдсан өдөр болох Эх орончдын өдрөөр болжээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо нь тус их хурлаараа бүтэц бүрэлдэхүүн, дүрмийн өөрчлөлтүүдээ баталж үйл ажиллагааныхаа цаашдын зорилтуудыг дэвшүүллээ.
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны ээлжит VI их хуралд 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн салбар холбоод болон Монголын их дээд сургууль, коллеж, оюутны дотуур байрны төлөөлөл зэрэг нийт 701 оюутан, залуучууд их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байна. Тус хурлаас холбооны Ерөнхийлөгч, Бага хурлын төлөөлөгчдийг сонголоо.
Ээлжит VI их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Дорждугар овогтой Гантулга сонгогдсон байна. Ингэснээр Д.Гантулга нь “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр хамгийн залуудаа сонгогдсон Ерөнхийлөгч болж байгаа юм байна.
Д.Гантулга нь Монгол улсын Шадар сайдын зөвлөх хэмээх албан тушаалтайн зэрэгцээ Удирдлагын академийн Удирдахуйн ухааны докторантурт суралцаж байгаа Монгол Ардын намын шилдэг залуу улстөрчдийн нэг аж.
Цаашдаа “Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны үйл ажиллагаа нь их дээд сургууль коллеж дотуур байр, сум, хороо бүрт өөрсдийн салбар нэгжийг байгуулан оюутнуудыг сурч боловсрох, хөгжих боломжуудыг нээх, цагаар хөдөлмөр эрхлэх зэргийг нь дэмжин ажиллах хөтөлбөрүүд дэвшүүлэн ажиллаж байна.
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны үүсэл хөгжил нь 1995 онд анх байгуулагдсан “Тэмүүлэл” клубээс үүдэлтэй аж. Энэ онд Монгол Ардын намын дэргэдэх оюутны байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны зорилго нь олон нийтэд нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, оюутнуудын хөгжих. суралцах, зөв оролцоог дэмжиж хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах явдал гэнэ.