“Хэрвээ би том байсан бол ээжийгээ үүрээд явах байсан”. Энэ бол дөрвөн настай Энхтамир хүүгийн яриа. Түүний ээжийг Б.Сарантуяа гэдэг. Тэрээр 2012 оны намар золгүй байдлаар бүрэн хараагүй болжээ. Нисэхт байдаг гэр рүүгээ очихоор такси бариад суусан боловч таксины жолооч “Би өөр тийшээ явлаа, та буу” гэж хэлсэн байна. Тэр үед бүсгүй “Тэгвэл та намайг гэрэл ихтэй газар буулгаад өгөөрэй, би хараа жаахан муутай” гэж хэлсэн боловч буухад нь түлхчихжээ. Үүнээс болоод бүсгүй замын боржур давж унаад, гурван метр хиртэй шуудуу руу унаж, хөл гараа хугалж, тархиндаа хүнд гэмтэл аваад бүрэн хараагүй болчихжээ. Үүнээс хойш бүсгүйн амьдрал хар дарсан зүүд шиг болж хайрлаж байсан хань нь “Ийм хүнтэй амьдарч чадахгүй” гээд нэг настай хүүгээ, хараагүй ээжтэй нь үлдээгээд явчихсан гэнэ. Харин хүү нь хоёр настайгаасаа ээжийгээ хөтөлж эхэлсэн байна.
Сарантуягийн хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж өссөн. Одоо 29 настай. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөж байжээ. МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн анги болон Дархан хотын ТИС-ийг орчуулагч, багш мэргэжлээр дүүргэсэн юм. Орос, англи, япон хэлтэй мөн шүлэг яруу найраг сонирхдог. Хамгийн сүүлд Валентины баяраар яруу найргийн тэмцээнд түрүүлжээ. Тэрээр бүх шүлгээ монгол бичгээр бичдэг. Одоогоор 5000 гаруй шүлэгтэй болжээ. Энэ авъяаслаг бүсгүй төрсөн эцэг эхээ мэддэггүй. Орос хүмүүст багадаа өргүүлсэн боловч 16 настайд нь өргөж авсан аав, ээж нь нутаг буцсан байна. Одоо түүнийг гэх ганцхан хүн нь түүний бяцхан хүү л бий. Б.Сарантуяа бүсгүй нутгийнхаа айлын хашаанд амьдардаг бөгөөд хөршүүд нь ус түлээ авахад нь тусалж, хааяа хувцасыг нь угааж гэрийг нь цэвэрлэж өгдөг. Одоогоор Б.Сарантуяа группийн 115.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг авдаг ч түлээ нүүрс, хоол ундны зардалд хүрэлцдэггүй гэнэ.
Саяхан “Хараагүйчүүдийн холбоо”–ноос хараагүй хүмүүст өвлийн хувцас бэлэглэх үеэр сайн санаат хүмүүс Б.Сарантуяа бүсгүйтэй уулзсан байна. Б.Сугараа А.Сарнай, Ч.Мөнхбаяр нар Б.Сарантуяа бүсгүйг 2015 оны нэгдүгээр сараас хойш эргэж тойрч, эмнэлэгт үзүүлж тусалсаар иржээ. Удахгүй сайн санаатай хүмүүсийн ачаар бүсгүй хагалгаанд орох гэнэ. Эмч нар “Найдлага бага байгаа” гэж хэлсэн ч халуун сэтгэлт хүмүүс итгэж найдсаар байгаа гэдгээ ярьж байлаа.
Энэ яриа “Монгол ньюс”-т болсон хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн юм.
Б. Сугараа ярихдаа: Б. Сарантуяатай уулзаад ганцхан удаа туслаад өнгөрөх хүн биш байна гэж мэдсэн. Бид нар шиг цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс хийж чадах зүйл хязгаарлагдмал байна. Тийм болохоор Монголын ард түмэн, урлаг соёлын одууддаа энэ бүсгүйд туслаач гэж уриалж байна гэв.
Дөрвөн настай хүү хараагүй ээжийгээ хүрэх газар нь хүргэж, гамбир хайрч, нүүрс түлж асарч байна. Хараагүй хүн гэрт амьдарч, ус түлээ бэлтгэх хэцүү болохоор хэвлэлийн хурал зохион байгуулагчид энэ бүсгүйд тусалж “Ганц өрөө байр авж өгье” гэсэн хүсэлтэй байна. Халуун сэтгэлтэй хүмүүс та бүхэн туслаарай.
холбогдох утас:88476162
О. Ариунцэцэг