Categories
мэдээ цаг-үе

Ч.Гүнждагва: Арбитрын шүүхэд давж заалдах гомдол гаргаж болдог таван тохиолдол бий

-ТОГТООЛ НЬ ГАРААГҮЙ БОЛОХООР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШИЙДВЭР ГЭЖ ОДООХОНДОО ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ –

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсынба үн­дэсний Арбитрыншүүхийн ерөнхий на­рийн бичгийн дарга, хуульч Ч.Гүнждагватай ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын төлбөрт уналаа гэх мэтээр “Хан ресурс” компанитай холбоотой дуулиан дэгдлээ. Энэүйл явдлын эргэн тойронд бодитой эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл явж байна. Иймд албаны хүний байр суурийг сонирхох гэсэн юм?

-“Хан ресурс” компанитай холбоотой энэ хэрэгт хөндлөнгийн байр сууринаас ийм, тийм гэх мэтээр дүгнэж хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр Арбитрын шүүхийн шийдвэр нь хараат бус учир хэн нэгэн хөндлөнгөөс дүгнэлт хийх ёсгүй байдаг. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө хаалттай нууц явагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар зарчмаар явагдсан. Талууд ямар байр суурьтай оролцож, ямар баримт гаргаж өгөв. Түүнийг нь хэрхэн үнэлэв гэдгийг тухайн хэрэгт оролцоогүй хүмүүс мэдэх боломжгүй. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой. Талуудын бизнесийн нэр хүндийг хамгаалах үүднээс бүх зүйл нь хаалттай явагддаг. Үүнд “Монголын тал ялагдлаа. Өөрсдийгөө хамгаалж чадсангүй” гэж ярих нь илүүц. Үүнийг хэн ч ярих шаардлагагүй. Ач холбогдолтой зүйл биш.

Яагаад, “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Грант Эди гэх хүн Арбитрын шүүх манай талд шийдвэрлэлээ гээданх гадаадын хэвлэлүүдээр ярьсан байна?

-Арбитрын шүүхийн шийдвэрийг хэвлэлээр цацах эсэхээ талууд хоорондоо тохирсон байдаг. Энэ асуудал дээр чухам яасан юм бол гэж бодож байлаа. “Хан ресурс” компанийн захирал нь “Манай талд шийдвэрлэлээ” гэж хэлснийг нь олон улсын зарим хэвлэл мэдээлсэн байна лээ. Түүнийг нь манай хэвлэлүүд орчуулж тавиад дагаж шуураад байна. Зарим нэг хүнэнэ тухай санаа оноогоо хэлсэн бололтой харагдсан. Шүүхийн шийдвэр дөнгөж гарлаа. Тэр шийдвэрийн тогтоол нь гараагүй болохоор хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй. Ийм байтал яагаад хэвлэлээр шийдвэрийн талаартус компанийнхан яриад байна гэдэг цаанаа өөр санаа агуулж байхыг ч үгүйсгэхгүй. Манай талаас гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Давж заалдах шатны шүүх нь тэр гомдлыг хэрэгсэхгүй болгох эсвэл хүчингүй болох уу гэдгийг мэдэх аргагүй шүү дээ. Үүний дараа л мөнгө өгөх авалцах тухай ярина. Арбитрын шүүх бүрэн гараагүй байхад ийм зүйл ярих нь илүүц.

Арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана. Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх, давж заалдах боломжгүй гэх мэтээр маргаан өрнөх янзтай?

-Арбитрын шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелүүлэх хүчинтэй. Энэ бол үндсэн зарчим нь. Гэхдээ процессын шинжтэй юм уу эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлуудад давж заалдаххэд хэдэн тохиолдол бий.

Ямар тохиолдолд давж заалдах боломжтой байдаг вэ?

-Давж заалдах боломжтой таван тохиолдол бий. Тухайлбал Арбитрын хэлэлцээргүй маргааныг Арбитрын бүрэлдэхүүн аваад шийдэж болно. Талууд анх гэрээ байгуулахдаа “Энэхүү гэрээнээс маргаан үүсэх юм бол Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тусгасан эсэх нь хамгийн чухал. Тийм хэлэлцээр хийсэн тохиолдолд Арбитраар шийдвэрлэнэ. Ийм хэлэлцээргүй байх юм бол нөгөө тал нь гомдол гаргаж шийдвэрийг нь хүчингүй болгох боломжтой. Мөн Арбитрын харьяалал их чухал. Хэлэлцээрт маргаан гарвал Монголын Арбитраар уу, Парис төвтэй олон улсын худалдааны Арбитраар уу, Сингапурынхаар уу эсвэл бусад орных уу гэдгээ тодорхой зааж өгсөн болзөвхөн гэрээнд заасан улсын Арбитраар шийдэх ёстой.

Тэгэхээр Монголын Арбитрын шүүхээр гэчихээд Парис дахь Арбитрын шүүхээр шийдчихвэлтэр шийдвэрийг нь хүчингүй болгож болно гэсэн үг үү?

-Гэрээнд тусгаагүй улсын Арбитраар шийдвэрлүүлсэн бол харьяалал зөрчсөн учраас гомдол гаргаж хүчингүйд тооцож болно. Дараагийн асуудал нь талууд өөрсдийнхөө хэрэг маргааныг хянан шийдвэрлэх Арбитрын шүүхээ өөрсдөө сонгодог. Мэргэшсэн ямар хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх вэ гээдхоёр тал нэг нэг арбитрч сонгоод даргалагч гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж болдог. Энэ тохиолдолд нэг тал нь өөрийнхөө арбитарчийг сонгоогүй байхад нөгөө тал нь орных нь хүнийг сонгоод шийдвэрлэчихсэн тохиолдолд арбитарчийг сонгох томилох, татгалзах тухай гомдол гаргаж, хүчингүй болгох боломж бий. Хамгийн гол асуудал нь талуудыг тайлбар гаргах боломж, хуралдаанд оролцох мэтгэлцээнд оролцох боломжоор хангаагүй болбас Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж болно. Мөн тухайн Арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэрт нэг талын гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага болон Арбитрын хэлэлцээрт тусгагдаагүй асуудлаар бүрэлдэхүүн шийдвэр гаргасан бол тэрийг хүчингүй болгох асуудлаар шүүхэд хандах боломжтой. Түүнчлэн загвар хуулин дээр нийтийн дэг журмыг зөрчсөн бол гэж заасан байгаа. Энэ нь олон хүний эрх ашгийг зөрчсөн бол гэсэн утгыг зааж буй юм. Манай Монгол Улсын Арбитрын тухай хуульд болохоор Үндэсний аюулгүй байдалд харшлахуйц хохирол учруулахуйц байдал гаргасан бол гэж үүнийг оруулж зааж өгсөн байгаа. Энэ мэтээр давж заалдаж болох үндэслэлүүдийг гаргаж болно гэсэн үг.

Үүнийгээ л давах гээд байгаа юм уу?

-Дээрх үндэслэлүүдийн дагуу Арбитрын шүүхэд давж гомдол гаргаж болно. Энэ бол нийтлэг байдлаар нь хэлж байгаа юм. Вьетнам зэрэг орнуудад бол арай өөр байдаг юм билээ.

Ер нь манай Арбитрын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэс дараалал, зарчим бусад улс орноос ямар ялгаатай байдаг вэ?

-Бүгд ижилхэн нэг л зарчимтай. НҮБ-ын Олон улсын харилцааны эрх зүйн комиссоос Арбитрын загвар хууль гэж гаргасан байдаг. Мөн Арбитрын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны загвар, дүрмийг гаргасан. Тэгэхээр дэлхийн 100 гаруй улс орон энэхүү загвар хуулийг өөрийнхөө үндэсний Арбитрын хууль тогтоомжид зөвлөмж байдлаар ашиглаж үндсэн удирдлагаа болгож баталсан байдаг. Аль ч улс орны Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зарчим ижилхэн. Талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь Арбитрын шүүхийн бүрэлдэхүүний өөрийнх нь асуудал байдаг. Шүүхийн процесс нь дэлхийн улс орнуудад яг нэг зарчмаар явагддаг.

Тэгвэл “Хан ресурс”-тай холбоотой шүүх хурал ямар зарчмаар явсныг та хараад хэлж чадах уу?

-“Хан ресурс”-тай холбоотой хэрэг маргааныг Арбитрын маргаан шийдвэрлэх дүрмийг баримталсан байна лээ.

-“Хан ресурс”-тай холбоотой асуудлаар ямархуу мэдээлэлтэй байна. Энэ хэрэг дээр давж заалдах боломж бий юу?

-Арбитрын шийдвэрийн тогтоолыг аваагүй,тэр хэргийг хянан шийдвэрлэх маргаанд оролцоогүй болохоор тийм ийм гэж хэн ч хэлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Шүүхийн ажиллагаанд оролцсон хүмүүс л мэдэж байгаа байх. Зарим хуульчид манайд давж заалдах боломж бийгэж байсан. Тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 90 хоногийн хугацаанд дээрх үндэслэлүүдийг харж байгаад давж заалдах гомдол гаргаж болно. Энэ нээлттэй.

Тэгэхээр шүүхийн тогтоолыг авч байж дараагийн алхмуудыг манай тал хийнэ гэсэн үг үү. Тогтоол нь шийдвэр гарснаас хэд хоногийн хугацаанд гардаг юм бэ?

-Арбитрын хуралдаан дээр хэргийг шийдчихээд эхлээд товч байдлаар танилцуулдаг. Ер нь бол ингэж шийдлээ. Ийм ийм хуулийг зөрчсөн байна гэдэг. Дараа нь Арбитрын бүрэлдэхүүн үндэслэл, тогтоол, шийдвэрээ тайлбарлаж маш их удаан сууж ажилладаг. Түүн дээр нь жишээлбэл, таны хэлсэн үгийг чинь ингэж үзэж дүгнэлээ. Нотлох баримтыг ийм зүйлээр няцааж байна гээд бүр ном шиг хэмжээний товхимол гэхээр зүйлийг бэлдэж гаргаж өгөх байх. Олон улсын томоохон Арбитрын шийдвэрийн тогтоол таван сар, жилийн дараа ч гарах тохиолдол бий.

-“Хан ресурс” компанийн асуудал нь манай Засгийн газрыг Арбитрын хариуцагчаар тогтоогдсон тав дахь тохиолдол гэж сонссон юм байна?

-Энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Аль улсын Арбитрын шүүхээр манай улстай холбоотой ямар ямар маргаан явж буйг бид мэдэх аргагүй. Сенсаацтай л асуудлууд нь мэдэгдэж байгаа байх.

Улс орнуудын Арбитрын шүүхүүд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг уу?

-Ер нь Арбитрын шүүхүүд нэгнийхээ шийдвэрлэсэн хэргийн талаар дүгнэлт гаргах, нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй. Зөвхөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг дэлхий нийтэд сурталчлах хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг. Манайх дэлхийн 21 Арбитрын байгууллагатай хамтран ажилладаг. Ази Номхон далайн орны Арбитрын холбооны гишүүн. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсынба үндэсний Арбитрын шүүхийн гаргасан шийдвэр олон улсын 180 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж, биелэгддэг, нэр хүндтэй байгууллага.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *