Categories
мэдээ цаг-үе

Д.Хан-Уул: Мэргэжлийн байгууллагын бид ч шаардаад дийлэхгүй байна

“Өдрийн сонин”-ы байрны цонхнуудыг халхлан “Астра интернэшнл” компани 13 давхар барилгаа бариулж байна. Барилгын тухай хуулийг зөрчин баригдаж буй уг барилга сонины байрны цонхнуудыг халхалсан нь манай сэтгүүлчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Бид хууль зөрчин баригдаж буй уг барилгыг зогсоох талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хандаж, тэмцсээр өдийг хүргэж “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлээд буй. Олон хүний анхаарлыг энэ сэдэв дээр хандуулж байгаа ч мэргэжлийн байгууллагууд нь тоймтой хариу өгч, энэ асуудлыг шийдвэрлэхгүй байгаа юм. Эцэст нь хууль бус барилга баригдах болсон шалтгаан нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай холбоотой. Тэд л ийм хууль бус зүйлийг анхнаас зөвшөөрсөн гэх хариултыг сонсох боллоо.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас болж буй үйл явдалтай холбогдуулан тайлбар авсан юм. Тус газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул ингэж ярьж байна.

-Манай сонин “Цонхоо нээе” хөдөлгөөн өрнүүлчихээд байгаа. Уг нь цонхоо нээгээд агаар салхи мэдэрч, нар харах эрх бүгдэд нь бий. Төрийн болон мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хууль ёсны дагуу хийдэг байсан бол иргэд нь ингэж хөдөлгөөн өрнүүлэхдээ тулах ёсгүй юм?

-Энэ бол нэлээд эртний газар олголттой холбоотой асуудал. Манай байгууллага барилгын асуудал шийддэг. Иргэн, хуулийн этгээд хэн ч гэсэн Нийслэлийн Засаг даргын газар эзэмших, ашиглах захирамж авсан бол тэр газар дээрээ юм барих эрх нь нээгддэг. Тэгэхээр барилга барих хүсэлтийг хуулийн дагуу өгдөг. Тухайн хүний хүсэлт, тухайн орчин барилгажилт, хэтийн төлөв­лөгөөнд нь уялдуулаад барилгын зөвшөөрөл гардаг. Нэгэнт тэр хүнд газар олгогдчихсон байна. Тийм учраас тухайн орчинд нь цаашид төлөвлөгдөх барилга байгууламжтай нь уялдуулаад шийдвэр гардаг.

“Астра буйлдинг”-ийн хувьд өгөгдсөн хэмжээнээс нь томруулчихсан зөрчилтэй байгаа юм. Барьж байгаа компани нь зөрчил үүсгэчихсэн байна. Уг барилгыг барьж байх явцад нь танайх МХЕГ-т хандаж байсан, манайх ч очиж шаардлага өгч байсан. Ер нь бол хохирогч буй байгууллага нь буюу танайх мэргэжлийн байгууллагад хандаад, мэргэжлийн байгууллага нь шүүхэд өгөх үндэслэл болдог. Эсвэл танай сонин бие дааж шүүхэд өгөх боломжтой. Барилгын ажлыг хууль бус гэдгийг тогтоовол ажлыг нь зогсоолгох, эсвэл бүр буулгуулах шийдвэр гардаг. Мэргэжлийн байгууллага нь шаардаад дийлэхгүй байгаа бол шүүхэд л хандах хэрэгтэй.

-2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно гэсэн заалт байдаг юм байна. Гэтэл “Астра буйлдинг” барилга манай сонины байрнаас найман метрийн зайд баригдаж байна?

-Хоёр барилгын өндрөөс нь шалтгаалаад зай хэмжээг нь авахаас гадна галын норм дүрмийг ашигладаг. Гэхдээ танай цонхыг хааж байгаа ийм асуудалд хууль хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй.

-Танайх ингэж барилга барь гэж зөвшөөрлийг нь өгдөг. Зөвшөөрлийг нь өгчихөөд араас хянаж шалгаж “Явцын дунд өөрчилж болохгүй шүү” гэж сануулдаггүй юм уу?

-Шаардлага тавилгүй яахав. Уг барилга баригдаж эхлэх үеэс танайх гомдол гаргасан. Тэр үеэс л манайхаас шаард­лага тавьж ирсэн. Шаардлага тавих эрхтэй. Анх­наасаа зураг төслийн зөвшөө­рөл өгөхдөө л энэ барилгаас ийм зайтай байх юм байна, тийм цонхтой байна, цонхгүй байна гэх шаардлагыг эхнээс нь л тавьдаг.

-Нэгэнт 13 давхар барилгаа бариад авлаа. Одоо нураана гэж юу байх вэ. Одоо та нар яаж ч чадахгүй хэмээн бодож байгаа хүмүүс байж мэднэ?

-Тийм юм байж болохгүй л дээ. Барилгын том жижиг хамаагүй. Үүнийг шударга шүүх шүүнэ. Танайд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт байна. Мэргэжлийн байгууллагуудаас нь тухайн үед нь барилгын ажлаа зогсоо гэж байсан шаардлагууд нь байна. Энэ үндэслэлүүдээ бөөгнүүлээд Захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүх барилга барьсан талын буруу байна аа гэвэл буулгах ч дүгнэлт гаргаж болно.

-“Астра буйлдинг” барилга баригдсанаас хойш бидний хувьд цонхоороо сэнгэнэтэл салхи оруулж, агаар солилцоо хийх бололцоогүй болсон. Салхи орохоо байхаар тухайн барилга, байшин булан тохойноос хөгцөрч мөөгөнцөртөж эхэлдэг гэж МХЕГ-ын мэргэжилтэн ярьж байсан. Бид эрүүл мэндийн хувьд аюултай орчин ажиллах боллоо?

-Шүүхэд хандахдаа хохирч байгаа энэ бүх үндэслэлүүдээ бичнэ шүү дээ. Тэрний дагуу шаардлагатай бол шүүхээс шинжээч томилно. Шүүх танай нэхэмжилж байгаа асуудал бүрийг хөндөж ярина.

-“Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш олон уншигч манай редакцид хандаж яг бидэн шиг эрүүл аюулгүй байдалд ажиллаж, амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаагаа дуулгаж байна. Та нар зөвхөн ерөнхий төлөвлөгөөг нь гаргаад суух биш дараа нь юу болж байгаа вэ гэдэг дээр ч анхаарч ажиллаж болдоггүй юм уу?

-Үнэхээр буруу шийдвэр гарсан байвал цуцалж байгаа. Бүр баталсан хугацаагаа хоёр жилийн хугацаатай болгож байгаа. Өмнө нь баталчихаад газрын эрх нь цуцлагдах хүртэл хүчинтэй шахуу байсан л даа. Харин одоо ийм асуудлууд байгаа учраас, цаг үеэ асар хурдацтай хөгжиж байгаа болохоор даалгавар нь гарахдаа хоёр жилийн хугацаатай өгч байгаа юм. Тэр хугацаандаа юмаа бариагүй байвал сунгах эсэхийг нь ярина. Барих явцад иргэдээс гомдол ирж, тэр нь хэр үндэслэлтэй эсэхийг шалгаж үзээд цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болж байгаа. ИТХ-аас барилга барихтай холбоотой журам баталж энэ бүхнийг нэлээд нарийвчилж байгаа.

-Төрийн байгуул­ла­гуудын уялдаа холбоо муу, ажлаа ягштал хийдэггүйгээс барилгын захын нэг компани шаардлагыг биелүүлэхгүй ажилласаар л байна. Ажлыг нь зогсоохгүй байгаа нь цаагуураа авлигын асуудалтай ч байж мэднэ гэх хардлагыг төрүүлж байгаа юм?

-Үүнийг шалгуулж болно. Цаана нь ямар хүн байдаг юм, авлигатай холбоотой байдаг юм уу гэдгийг нь шалгуулах эрх нээлттэй. Гол нь манайх газрын эрхтэй хүний хүсэлтийг хангаж барилга барих зөвшөөрлийг нь өгсөн. Гэтэл тэр нь газар дээрээ өөрчлөгдсөн зөрчил, хууль зөрчиж хэмжээ томруулсан асуудал гарвал хэн буруутай этгээдэд нь хариуцлага хүлээх ёстой.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *