Саяхан Казахстаны төрийн тэргүүн Н.Назарбаев Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. “ВВС”-д зориулж Астана хотын сэтгүүлч А.Рахимовын энэ талаар бичсэн тоймыг хүргэе.
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Агуу улс, агуу ард түмэн” гэсэн уриан дор 2050 он гэхэд эх орноо “Агуу улс” болгон хөгжүүлнэ хэмээх амлалтыг өгөөд буй. Тэгвэл тус улсын сөрөг хүчний дунд “Хүмүүс гурван зүйлийг чөлөөтэй харж болно. Гал хэрхэн шатаж буй, ус хэрхэн урсаж буй болон Н.Назарбаев хэрхэн дахин сонгогдож буйг харж болно” гэсэн ам яриа ч байдаг байна. Энэ нь тус бүгд найрамдах улсад орчин үед улс төрийн нөхцөл байдал ямар буйг бүрэн утгаар нь илэрхийлэх мэт.
Дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно. Уг сонгуульд одоогийн төрийн тэргүүн ялалт байгуулна гэдэгт эргэлзэх хүн үгүй. Хоёрдугаар сарын 14-нд Казахстаны парламент буюу Ардын ассамблей Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг баталсан. Уг санаачилгыг Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрөө гаргасан гэдэг. Зарим ажиглагчид Казахстаны төрийн тэргүүн ээлжит бус сонгууль явуулах болсон нь хоёр шалтгаантай гэж үзэж байна. Нэг талаас Ерөнхийлөгчийн болон парламентын доод танхим буюу Мажилисийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусгавар болно. Казахстаны Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг нэг дор явуулахыг хориглодог аж. Нөгөө талаас дэлхийн эдийн засгийн хямралын оргил үеийг 2016 он гэж үздэг. Тиймээс Н.Назарбаев улс оронд нь эдийн засгийн хүндхэн үе нүүрлэхэд сонгуулийн кампанит ажилд анхаарлаа хандуулах бус хямралыг даван туулахад чиглүүлэх гэнэ. Мөн тэрбээр эдийн засгийн хямралыг амжилттай давахад зориулж “Нурлы Жол” буюу “Ирээдүйд хүргэх зам” хэмээх нэртэй хөтөлбөрөө ч боловсруулжээ.
Казахстаны Ардын ассамблейн хоёр танхимын гишүүд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах тухай Н.Назарбаевын санаачилгыг санал нэгтэй баталсан юм. Үүний дараа нэг долоо хоногийн туршид тус улсын улстөрийн хүчин, төрийн бус байгууллагууд, уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд гээд олон төлөөлөл үзэл бодлоо илэрхийлсэн байна. Онцлон хэлэхэд, Казахстаны парламентын доод танхимыг бүрдүүлэгч гурван нам гурвуул санал нэгтэй дэмжсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Н.Назарбаев тэргүүтэй эрх баригч “Нур Отан” нам төрийн тэргүүнийхээ саналыг бүрэн дэмжинэ гэдэг нь ойлгомжтой байв. Гэвч бизнесменүүдийн эрх ашгийг төлөөлөх Ардчилсан “Ак жол” нам, мөн Казахстаны Ардын Коммунист нам зэрэг хоёр фракци тэдний саналыг бүрэн дэмжээд зогссонгүй Н.Назарбаевыг сонгуульд ялалт байгуулахыг уриалсан нь гэнэтийн явдал байлаа.
Өнгөрсөн лхагва гаригийн орой тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албанаас мэдээлэл хийсэн. Түүнд дурдсанаар Н.Назарбаев сонгуультай холбоотой асуудлаар парламентын хоёр танхимын дарга, Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэцийн зөвлөлийг хүлээн авч уулзсан. Мөн өдрийн орой үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэв. Тэрбээр “Энэ хэдэн хоногт би хөдөлмөрийн хамт олон, аж ахуйн байгууллага, ахмадууд, оюутнууд гээд янз бүрийн насны олон хүнээс захидал хүлээн авсан. Тэдгээр захидлаас улс оронд маань гадны мөргөлдөөн, дотоод тэмцэл заналхийлэх вий гэсэн түгшүүр байгааг харж болно. Ард иргэд маань хоёр саналыг надад дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах. Энэхүү хоёр саналыг хэрэгжүүлэх боломжтой. Гэвч Үндсэн хуультай нийцсэн хамгийн зөв арга нь сонгууль явуулах. Тиймээс ард иргэдийн надад хандсан хүсэлт, мөн Үндсэн хуулиа бодсон ч сонгууль явуулах нь зүйтэй юм. Би Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 3.1-т заасны дагуу 2015 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах тушаалд гарын үсэг зурсан” гэв.
Казахстаны төрийн тэргүүн ирэх сонгуульд өрсөлдөх эсэх талаар одоогоор ам нээгээгүй байна. Ямартаа ч тэрбээр Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргах болно гэсэн юм. Үүний зэрэгцээ Алма-Ата хотноо Н.Назарбаевыг дэмжигчид жагсаал зохион байгуулсан. Тэрбээр “олон хүний хүсэлт”-ийн дагуу сонгуульд оролцох нь мэдээж. Казахстанд үүнд эргэлзэх хүн нэг ч үгүй. Тэрээр сонгуульд өрсөлдөгчөөсөө хэр давуу санал авахыг харах л үлдлээ. Казахстаны Ерөнхийлөгчийн товыг зарласан даруйд манай улстөрийн тоймчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэдний дийлэнх нь санал нэгтэйгээр “Сонгууль болно. Одоогийн ерөнхийлөгч ялалт байгуулна” гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, улстөрийн тоймч Д.Ашимбаев “Төрд халаа сэлгээ хийх тухай асуудлыг хүн амын дийлэнх нь сөргөөр хүлээн авах юм. Учир нь тэд улс орны тогтвортой байдал, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх зэрэг асуудал нь Ерөнхийлөгчтэй нь салшгүй холбоотой гэж үздэг. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч олон нийтийн ухамсарт хэнээр ч сольшгүй нэгэн юм” гэв. Мөн тэрээр цааш нь “Магадгүй энэ сонгууль Н.Назарбаевын хувьд сүүлчийнх байж болох. Тиймээс урьд урьдын сонгуулиас өөр юм. Үүний дараа түүний “Үндэстний удирдагч” гэдэг статус нь өөрчлөгдөх талтай” гэв. Харин тоймч Э.Полетаевын онцолсноор “Улс төрийн дотоод нөхцөл байдал нь сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь ард иргэдийн дийлэнх нь тогтвортой байдлыг илүүд үзэж байгаа. Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудаас манай улстай ойр нь ОХУ. Гэтэл тэнд эдийн засгийн нөхцөл байдал муудсаар байна. Рублийн ханш америк доллартай харьцуулахад унасан. Нөгөө талаас Украины зүүн хязгаарт мөргөлдөөн хэвээр байгаа нь үүнд нөлөөлж байна. Харин бидэнд ханш буурах хүлээлт байсан ч энэ нь батлагдсангүй. Одоогоор энэ үе нь манайд таатай тусч байна. Учир нь энэ жил бол бидний хувьд дэд бүтцээ хөгжүүлэхтэй холбоотой олон асуудлыг хэрэгжүүлэхийн эхлэл юм. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд Казахстанд Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ой, парламент буюу 130 үндэстэн ястнаас бүрдсэн Ардын ассамблейг байгуулсны 20 жилийн ой, Ялалтын баярын 70 жилийн ой тус тус тохиох юм. Нөхцөл байдал тогтвортой энэ үед сонгууль явуулах нь ч зүйтэй юм. Тиймээс улстөрийн хүчнийхэн Ерөнхийлөгч Н.Назарбаевын саналыг бүрэн дэмжиж байгаа” гэсэн байна.
Н.Назарбаев бол Казахстан улс тусгаар тогтнолоо зарласан үеэс хойших цорын ганц Ерөнхийлөгч. Өдгөө тэрбээр 74 настай. Албан үүргээ хүлээн авсан цагаасаа хэнээр ч орлуулшгүй ерөнхийлөгч гэдэг статусаа нийгэмдээ идэвхтэй сурталчилсаар ирсэн. Тиймээс ч “Назарбаевт орлогч гэж үгүй” гэх өгүүлбэрийг улстөрийн болон нийгмийн зүтгэлтний алиных нь ч амнаас сонсож болох юм. Гэсэн хэдий ч Н.Назарбаевыг орлох хүний тухай асуудал байнга гарч байдаг. Гэвч энэ нь эцэстээ ор төдий зүйл болж хувирдаг. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр бусдаасаа хол давуу саналаар ялалт байгуулсаар байдаг.
Н.Назарбаев бол таван удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дөрвөн тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулиар, харин нэг удаад бүх нийтийн санал асуулгаар сонгогдож байв. Тодруулбал, 1995 онд Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах тухай асуудлаар бүх нийтийн дунд санал асуулгыг явуулсан. Мөн 1999, 2011 онд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж ялалт байгуулсан. Ингэхдээ 1999 онд парламентын гишүүдийн санаачилгаар, 2011 онд ард иргэдээс ийм санал гарч тэрээр дахин сонгогдож байсан юм.
Д.Цэрэндолгор