Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ

Хаврын эхэн сар гарч, хурдан морины уралдаан олон зохион байгуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос бүх аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлага хүргүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсантай холбогдуулан Комиссоос өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх зорилгоор бүсийн хурдан морины хаврын уралдааны товыг өөрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг зөвлөсөн билээ.

Гэсэн хэдий ч орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахдаа хүүхдийн нэгдсэн бүртгэл хийгээгүй, хамгаалалтын хувцасгүй унаач хүүхэд бүртгэсэн, цөөнгүй тооны хүүхэд унаж бэртсэн, ашиг хонжоо олох зорилгоор, зөвшөөрөлгүйгээр уралдаан зохион байгуулсан буюу төлөвлөж байгаа зэрэг нийтлэг зөрчил гарсаар байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглож байгааг манай улсын нутаг дэвсгэрт хэлбэрэлтгүй дагаж мөрдөх шаардлагатай.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.7-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага олгохоор зохицуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам” хүчингүй болсон тул одоогийн байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно. Үүнтэй уялдан хурдан морины уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрөхгүй байвал зохино.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцаж, бүх морин уралдаанд хяналт тавих шаардлагатай байна.

Өмнө өвөл цагийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх талаар Комиссоос зөвлөмж хүргүүлж байсны дагуу Монголын морин спорт, уяачдын холбооноос 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан нь хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлсэн үр нөлөөтэй алхам байсан билээ.

Увс аймгийн хувьд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ямарваа нэгэн морин уралдаан, үсэргээ, сунгаа төлөвлөөгүй байгаа нь хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахаас сэргийлсэн үйлдэл болсныг сайшааж байна.

Иймд хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд өвөл цагийн (хүйтний улиралд) уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардаж байна.

Энэхүү шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн болон цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *