Categories
мэдээ цаг-үе

Хамгаалах байранд хандагсдын талаас илүү хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээний менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Танай төвийн нийслэлд байдаг хамгаалах байрны нэг нь хаагдсан гэж сонслоо. Ямар шалтгаанаар хаасан юм бэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдахдаа Улаанбаатар хотод хорин ортой нэг хамгаалах байр байгуулсан юм. Тэр байраа саяхан хаасан. Олон жил нэг дор ажилласан учраас байршлыг нь нууцалдаг ч гэсэн хүмүүс мэддэг болсон. Байршлын нууцлал алдагдчихаар хүчирхийлэгчид цонх хагалах, хаалга үүд эвдлэх, ажилтан, үйлчлүүлэгчдийнбиед халдах тохиолдол олон удаа гарсан. Тийм учраас хаасан. Одоо эмэгтэйчүүд, хүүхдийн хамгаалах байраа нэгтгээд ажиллаж байна. Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгуудад хамгаалах байр байгуулсан ч Дундговийн хамгаалах байрнаасбусдынх ньүйл ажиллагаа зогссон.Хүчирхийллийн эсрэг үндэсний төв бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа ажилтнуудын цалин, хамгаалах байранд өдөр тутмын үйлчилгээ явуулах хөлс, урсгал зардал гээд санхүүгийн ачаалал их. Орон нутгийн хамгаалах байрууд одоохондоо түр зогсолт хийгээд байгаа нь ийм учиртай.

-Хамгаалах байрны ажилтнууд хэцүү л нөхцөлд ажилладаг юм байна?

-Ажлын байрны гадаа манай ажилтны хоолойд хутга тулгасан тохиолдол хүртэл гарч байсан. Биднийг дагаж мөрдөх, хувийн утасны дугаар олж авчихаад заналхийлэх тохиолдол их гардаг. Тэр бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгддэг.Аюулгүй байдал дээрээ анхаарч байгаа ч бидний тооцоолж үзээгүй, гэнэтийн аюул тохиолдохыг үгүйсгэхгүй.

-Хамгаалах байрыг мэдчихээд эхнэрээ дарамталж байгаад авч явсан тохиолдол бий юу?

-Улайм цайм нөхөр нь хүрч ирээд дарамтлаад авч явъя гэвэл бид хэзээ ч өгч явуулахгүй. Шууд баривчлах ч юм уу, түр саатуулах арга хэмжээ авахуулна. Цагдаагийн байгууллага, Тахарын албатай хамтраад хийнэ. Харин ирж уулзаад дахин дарамтлахгүй, амьдралаа бодъё гэж гуйхаар нь нөхөртөөитгээд гарч явсан тохиолдол олон бий.

-Хамгаалах байранд хандаж байгаа хүмүүсийн тоо өсч байна уу?

-Жилээс жилд өсч байгаа.

-Хэр хугацаанд байлгадаг вэ?

-Түр хамгаалах байр гэдгээрээ долоо хоногоос гурван сарын хугацаанд байлгаж үйлчилгээ явуулах ёстой ч гаргаж чаддаггүй. Хоёр жил байлгасан тохиолдол ч бий. Зодуулаад ирсэн хүн байлаа гэхэд эмнэлэгт хандах хэрэг гарна. Хамгаалах байрнаас гараад хаана амьдрах билээ. Орон байр, халамжийн асуудал яригдана. Гэрлэлтээ цуцлуулах ч юм уу, эрүүгийн хэрэг үүсгэдэг юм уу гээд хуулийн байгууллагад хандах шаардлага гарлаа гэхэд өмгөөлөгч хэрэг болно. Тэгэхээр хугацаа их шаарддаг.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүд гэсэн статистик бий.Эрчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдол хэр гардаг вэ?

-Нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн ес орчим хувь нь эрчүүд. Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд байдаг л даа. Насанд хүрсэн ганц нэг тохиолдол ирнэ. Эрэгтэй хүн эр хүнийхээ зүгээс хүчирхийлэлд өртсөн тохиолдол их ирдэг. Хадам ах, хадам аав, хүргэн, ахынхаахүчирхийлэлд өртсөн байдаг. Хамтран амьдрагч юм уу, эхнэрийнхээ хүчирхийлэлд өртсөн тохиолдол цөөн ч гэсэн гардаг. Гэхдээ бие махбодийн гэхээс илүү сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

-Эмэгтэйчүүд танай байранд хандахдаа хүүхдүүдтэйгээ ирж таарна. Гэр бүлийн асуудлыг зохицуулах хэцүү биз?

-Ихэнх эмэгтэй хоёроос дээш хүүхэдтэй ирдэг учраас гэр бүлийн асуудлыг зохицуулахаас аргагүй. Хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй, нэг газраас нөгөө газар руу дүрвэсэн маягтай амьдарсаар яваад харьяалал тодорхой биш, бичиг баримтгүй гэсэн олон асуудал гарч ирдэг. Тэгэхээр нэг хүн дээр гэхэд л зургаагаас дээш сар ажиллахаас аргагүй болдог.

-Өнгөрсөн жил гэхэд хэчнээн хүн танай төвийн хамгаалах байранд хандсан бэ?

-120 гаруй хүн хандсан байдаг юм. Талаас дээш хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд. Хүүхэд ганцаараа ирэх тохиолдол бий. Ихэвчлэн гэр бүлийнхээ зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Манайхыг зориод ирсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн аль алинд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ гэхээр өмгөөлөгч, цагдаа, шүүхэд хандахаас аргагүй. Өмгөөллийн хөлс гэж том юм бий. Энэ зардлыг хаанаас гаргадаг вэ?

-Манай төвөөс л гарна. Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хамгийн доод талын үнэлгээ нь 500 мянган төгрөг. Мэргэшүүлсэн хэдэн өмгөөлөгчтэйгөө гэрээ байгуулж хамгийн бага хөлсөөр ажиллуулдаг. Жилдээ доод тал нь хорь гучин хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр жилдээ зөвхөн өмгөөллийн үйлчилгээний зардалд гэхэд 20 гаруй сая төгрөг олох шаардлага тулгардаг.

-Сэтгэл эмзэглүүлсэн тохиолдол их гардаг байх…?

-Эмзэглэмээр тохиолдол өчнөөн л дөө. 2014 оны хавар бага насны 2-7 насны гурван хүүхэдтэй, есөн сартай жирэмсэн эмэгтэй ирж байсан юм. Нөхрийг нь баривчлуулах арга хэмжээ авсан. Төрөх дөхсөн учраас бичиг баримтаас эхлээд хөөцөлдөх зүйл ихтэй ирсэн л дээ.Ажил хийж байхдаа цалингийн зээл авчихсан, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт огт хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад хүртэл ороогүй байсан. Хороотой нь хамтарч бичиг баримттай болгож, төрөхөд нь шаардлагатай бэлтгэл хийж өгч, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулсан. Төрснийх нь дараа гэрт нь байлгаж хорооных нь хяналтанд шилжүүлсэн. Таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөөд ирсэн тохиолдол бий. Ойр дотных нь хүн байх жишээний. Ная гарсан эмээ хүүхдэдээ толгойгоо хагалуулчихаад ирсэн эмзэглэмээр тохиолдол байгаа. Ээж нь архины хамааралтай болсон ой гарантай, зургаа, арван настай гурван хүүхэд хамгаалах байранд байрлаж байгаа. Ой гаруйтай хүүхэд нь гэхэд л дөрөв, таван сартай хүүхэд шигжижигхэн, том хоёр хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй байх жишээтэй.

-Сая таны ярьсан эмэгтэйн хувьд нөхөр нь дахиж дарамтлахгүй гэх баталгаабайхгүй л юм байна?

-Тэр ажилтныг хамгаалах нь хорооны нийгмийн ажилтан, Засаг даргынх нь үүрэг болчихож байгаа юм. Мэдээжбайнга хянаад сууна гэж байхгүй. Олон нийтийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр хүчирхийлэл нь давтагдах гээд байвал хажуу ойрынх нь айлууд төрийн байгууллагад хурдан шуурхай мэдээлэх үүрэгтэй л болчихмоор байгаа юм. Одоо бол хуулинд мэдээлэх эрхтэй гэсэн заалт байдаг. Үүрэгтэй гэсэн үг оруулаад үүргээ зөрчвөл хариуцлага хүлээх заалтыг тусгах учиртай.

-Хүчирхийллийн томшалтгаануудын нэг нь архи гэж ярьдаг.Амьдрал дээр ямар байх юм?

-Бодит байдлыг судлаад үзэхээр их сонин статистик гардаг. Архи уудаг хүмүүс л хүчирхийлэл үйлддэг гэсэн ойлголт нийгэмд бий л дээ. Гэтэл хүчирхийлэл үйлдэгчдийг судлаад үзэхээр эрүүл согтуугийн харьцаа ялгаагүй гарч ирдэг.

-Хүчирхийлэл үйлдэгчдийг судлаад үзэхээр амьдралын боломж тааруу хүмүүс байна уу, эсвэл сая ярьдаг шиг санаанд оромгүй статистик гардаг уу?

-Хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж байгаа хүмүүс ирнэ л дээ. Гэхдээ дундаж амьдралтай хүмүүс түлхүү ирдэг. Орлогын түвшин өндөр, амьдрал нь хангалуун тусмаа хүчирхийлэл нь илүү далд байдаг. Нэр хүндээ боддог, эдийн засгийн бүрэн хараат байдалд орсон гэх мэт шалтгаанаархүмүүс хандаж чаддаггүй.

-Өндөр орлоготой хүмүүс хандах тохиолдол бий юу?

-Эхнэр нөхөр хоёулаа компанитай, компани нь олон нийт мэддэг нэлээд том, тийм гэр бүлийн эхнэр нь хандаж байсан. Гэр бүлээс гадуурх харилцааг мэдсэн эхнэрийгээ “надаас салбал чамайг юу ч үгүй болгоно” гэх зэргээр дарамталсан байдаг.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл зүй нэлээд хүнд ирдэг байх. Амиа хорлох оролдлого хийх тохиолдол хэр их гардаг вэ?

-Хүчирхийлэлд олон жил өртөөд ирсэн хүмүүс ингэж амьдарч байхаар үхчих юмсан гэсэн бодолтой болчихдог. Нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн талаас дээш хувь нь тийм бодолтой болчихсон байдаг. Тэгэхээр хүчирхийлэлд өртдөг хүмүүс сэтгэл зүйн гүн хямралд өртдөг нь эндээс харагдаж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хам шинж нэг зүйл бий. Хүчирхийллийнхээ бүтэн эргүүлэгт ордог гэсэн үг.Хүчирхийлэлд өртөнө, дараа нь гайгүй болно гэсэн тойрогт орчихдог. Шүүхэд очихоор эвлэрэх хугацаа өгдөг, цагдаад өгөхөөр буцаагаад суллачихдаг. Хаана ч хандаад нэмэргүй, энэ чигээрээ дуусах юм байна гээд цөхрөнгөө бардаг. Ийм тохиолдолнэлээд ажиглагдаж байна.

-Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь эмзэглэмээр асуудал. Хандаж буй тохиолдлын хэчнээн хувь нь ийм шалтгаантай байна?

-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол арван хувьтай байдаг. Өнгөрсөн онд хорь гаруй хэрэг ирсэн. 2014 онд илрээгүй долоон хэргийг цагдаагийн байгууллагад өгч бүгдийгнь илрүүлсэн.Дөрвөн хэргийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлага хүлээсэн. Гурав нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Илэрсэн, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн хэргүүд дээр ч манайх давхар үйлчилгээ үзүүлэх тохиолдол бий. Энэ хэргүүд дээр өмгөөллийн, сэтгэл заслын, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш хэцүү болчихсон ирдэг. Наад зах нь гэхэд шөнө унтахгүй. Амиа хорлох гэж оролдоно. Эрэгтэй хүн харж чадахгүй. Байцаагчийг нь эрэгтэй бол эмэгтэй болгож үе гарна. Машинаар үйлчлэхэд жолооч нь эрэгтэй бол чичирч салгалаад байдаг. Ялангуяа бага насны хүүхэд их хэцүү. Бид тайвшруулах, булчинг нь суллах зэрэг энгийн зүйлсээс эхлээдмэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Хүчиндүүлсэн тохиолдолд хүчирхийлэл үйлддэг эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тал дээр ажилладаг. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Өндөр ялтай байдаг.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *