Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нам засаг биднээс ямар хүүхэдтэй байхыг шаардаад байна аа

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах маш олон төрийн болон төрийн бус байгууллагатай. Начир дээрээ хүүхдийн эрхийг хамгаалаад хүүхдийн төлөө гээд явж байгаа нь тэр бүр нүдэнд өртөөд байдаггүй. Сүүлийн жилүүдэд төр засаг биднээс олон зүйл шаардаж байгаа. Түүн дотроо эгдүүцмээр ч юм шиг, инээд хүрмээр, эсхүл бүр уурандаа оволзож шатмаар шийдвэр гарах нь нэмэгдээд байна. Энэ тухай өгүүлэхэд таван нас хүрсэн хүүхэд баячуудын хурдан морийг айхгүй унадаг эр зоригтой болох. Тэгэхгүй бол тэр хүүхэд морь унаж чадахгүй, морь унахгүй бол амьжиргаагаа залгуулах хэдэн төгрөгөө баян эзнээсээ авч чадахгүй. Хүүхдүүд морь унаж мөнгө олж чадахгүй бол ар гэрийг нь аваад явчих ажил төрөлтэй хүн байхгүй учир хоосон хононо. Баячууд хүний амиар наадан байж цас, мөстэй өвөл цагт ч аянга нүргэлсэн бороотой өдөр ч хамаагүй морь унуулан хүүхэд, морь аль алийг нь зүтгүүлж л байдаг.

Мөн зургаан настангууд сургуулийн босго алхан хамаатан садангүй бол дотуур байранд орохдоо орилж болохгүй, үймүүлж болохгүй төмөр мэт гөлгөр байхыг шаардах юм. Угтаа бол “18 нас хүрээгүй аав ээжийн хайр халамжнаас гараагүй тоглож наадах дуртай томоогүй биднийг хүүхэд гэдэг” хэмээн Ерөнхий боловсролын сургуульд байхад ой тойнд үлдтэл номлон сургажээ. Энэ тодорхойлолт одоо цагт улиглал мэт сонсогдох болж. Түүнчлэн тавдугаар ангид ортлоо гадаадаар ганц ч үг мэддэггүй байх. Харин уйгаржин бичгээ үзэж үг, үсэг хоёроо зэрэг цээжлээд явахыг хуульчлав. Үг үсэг гэдэг нь аав гэдэг үгийг абу, уул гэдэг үгийг агула гэх мэтээр цээжлээд явахыг хэлээд байгаа хэрэг. 1990-ээд оны кирилл, уйгаржин бичиг үзсэн завсрын нөхдүүд өдгөө заримдаа аав гэдэг үгийг абу гэж кириллээр бичдэгээ нуугаагүй.

Энэ нь мэдээж монгол хэлний дүрмээрээ алдаа болж таарна. Мөн дэлхийн соёлоос өөрсдийгөө тасдаж эрт балар цагийн хүн төрөлхтөн рүү дөхүүлэн гадаад кино үзэхийг хүртэл хориглосон. Латин, кирилл үсэг мэдэхгүй нэгэн үеийнхэн өсөн өндийх тул интернэтээс тас хол байлгах ёстой болж таараад байгаа юм. АНУ-тай өөрсдийгөө жиших дуртай манайх шиг оронд энэ бол нүд, чих, хамар, ам гээд бүх зүйлийг хүлж боож байгаагаас өөрцгүй зүйл. Сүүлийн үеийн хүүхдүүд малд нүдтэй байх хэрэгтэй гэж шаардаж байгаа юм. Учир нь Засгийн газар жил бүр “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулан шагнаж байгаа харагддаг. Малд нүдтэй хүүхэдтэй байхыг төр засаг нь дэмждэг хэрнээ гадаад хэл сурах нүдийг нь боосон гэмтэй нийгмийг бүрдүүлэхийг шаардаж байна. Ийм хүүхэдтэй байхыг шаардаж байна.

Ингэж өссөн хүүхэд монголд хөрөнгөө оруулж ирэх гадны хүмүүсийг хэрхэн хүлээж авах юм бэ. Магадгүй шар толгойтой хүн хараад чөтгөр харлаа гэж айх биз. Иргэд нь иймэрхүү байдалтай хүлээж авахаар бидний уриалан дуудаад байгаа гадны хөрөнгө оруулагчид ирэх юм уу. Бидний ирээдүй, энэ улсыг авч явах иргэд “100 билэг оршвой” тэргүүт хэдхэн зохиол л уншина. Шинжлэх ухааны нэр томъёоноос эхлээд юуг ч уйгаржинаар бичдэггүй. Зүгээр хойд урд насанд итгэсэн, морь унаж мод тохсон машин мотоциклийг чөтгөрийн унаа гэж гайхсан тийм л цаг үеийн өмнө бид тулгарч ирээд байна. Нэг л алхвал цаашаа явчих гээд. Ийм ард түмнийг удирдах мөн ч амархан даа. Яагаав ноднин “Made in china” гэсэн бичигтэй бурхнаар бөөлждөг Хөвсгөлийн бүсгүй шиг тийм хүмүүс гараад ирэхэд “Энэ туйлын үнэн” гээд шүтчихдэг. Бүр дарга цэрэггүй шүтээд, идээ будаа өргөөд балраа биз дээ. Одоогийн төр засаг ийм л хүмүүсийг биднээс шаардаад байна даа.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *