Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах үйл ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын газар харьяалагддаг. Тус агентлагийн удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлаа өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхэд тайлагналаа.
Хавар болж, барилгын салбарынхан ажилдаа гарах бэлтгэл хангаж байгаа энэ үед анхаарах асуудлын нэг нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, чанартай барилга барих талд анхаарч, стандарт нормыг хангуулж ажиллах ёстойг Шадар сайд анхаарууллаа. Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн тайлбараар бол ашиг олох зорилгоор барилга барих тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж цөөнгүй байгаа нь хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл үүсгэж байна гэлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг цахимаар зохион байгуулахдаа кадастрын зураг гаргах компаниар нэр бүхий таван компанийг шалгаруулсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэн шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тавьсан шаардлага үндэслэлтэй хэмээн гарсан ч Давж заалдах шатны шүүх хурал болох аж. Уг шүүх хурал өнгөрсөн сард зарлагдсан байсан ч шүүгч нарыг солих шаардлага байна гэж банкуудын зүгээс хүссэнээр шүүх хуралдаан хойшилсон аж. Анхан шатны шүүхийн шийдвэр Давж заалдах шатны шүүхээр баталгаажвал олон мянган иргэнд тустай зүйл болно гэж үзэж байна.
Оюуны өмчийн газрын хувьд интернэт орчин дахь оюуны өмчийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж буйг онцоллоо. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйг хангаж өгөх ёстой гэдгийг тус газрын удирдлага мэдэгдсэн юм.
Ийн агентлагийн газрын дарга нар хийсэн ажлаа тайлагнасны дараа Шадар сайд У.Хүрэлсүх “Асуудал шийддэг дарга энэ улсад хэрэгтэй. Тэгж байж улсын ажил явна. Юм бүхнийг Шадар сайд руу авчирах хэрэггүй, агентлагийн даргын эрх мэдлийн хүрээнд, газрын даргын эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжтой асуудлыг цаг тухайд нь шийдэх хэрэгтэй. Цаг алдаж таарахгүй.
Үнэхээр шийдэх боломжгүй, эрх мэдэл давсан асуудлыг Шадар сайдтай зөвлөж болно. Зарим асуудлыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлнэ. Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалт хийхгүй гэж ойлгож болохгүй. Салан задгай ажиллаж байгаа барилгын компанид хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн үүрэг. Төр хяналтаа тодорхой хэмжээгээр тавьж байж, эмх замбараатай болно. Тэр хэрээр аюулгүй байдал хангагдана. Гэхдээ шалгаж байна гээд дарамталж болохгүй. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө сайн дураар ирээд зөвлөгөө авдаг амьд харилцааг бий болгох ёстой. Аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй маш олон аж ахуйн нэгж бий. Шалгах ёстойгоо шалга” гэсэн юм.