Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлгийн гаргасан санаачилга ажил хэрэг болсон гэв

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа өчигдөр танилцуулав. МАН-ын бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ. МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг хэлж байлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 онд улс орон ямар байсан”, “МАН Засгийн газарт орсон 2014 онд улс орон ямар болсон байсан”-ыг танилцуулсан. “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан. Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан” гэв. Мөн “Хэрвээ ийм бодлогоор цаашид явбал 2016 он гэхэд Монгол Улс тун хүнд байдалд орно гэж олон улсын байгууллагууд эдийн засгийн тайландаа сануулсан. Иргэдийн нуруун дээр ирэх ачаа, татвар хураамж улам л нэмэгдэнэ. Ийм хүнд үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэн хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно” гэдгийг бүлгийн дарга нь онцлов.

Түүнчлэн өмнөх Засгийн газрын бодлогын алдаануудыг засах чиглэлд анхаарч ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцлов. Үүний нэг жишээ нь сүүлийн хоёр жил нэг төсөвтэй байхыг шаардсан МАН-ын бүлгийн санал биеллээ олсон явдал гэнэ. Нэг төсөвтэй болсноор бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдсэн. Тиймээс МАН-ын бүлгийн санаачилгаар “Чингэс”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган Хөгжлийн банкинд шалгалт оруулсан зэргийг дурдав.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажилласан. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү жилийн 18хувь байгааг ес болгон бууруулах санаачилгыг гарган ажиллаж байна. Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болсон. Хөдөлмөрийн сайдтай хамтран Ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого боловсруулж удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байна” гэлээ.

Мөн Засгийн газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн I, II зэргийн одонд олгодог урамшуулал, хүүхдийн мөнгө, жирэмсэн болоннярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгодог урамшууллын мөнгийг багасгах санал гаргасныг шаардлагагүй хэмээн МАН-ын бүлэг үзэж хэвээр үлдээсэн. Цаашлаад Засгийн газар төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн тухай мэдээлэв.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *