Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо.
Шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, салбарын үйл ажиллагааны тайлан, Эрчим хүчний салбарын 2014-2015 оны өвлийн горим ажиллагаа, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн байдал, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн дүнг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын мэдээлэл, санал дүгнэлийг сонсч, ЭХЯ-ны удирдлагын зүгээс үүрэг даалгавар өглөө.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна.
2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 208.06 сая кВт.цагаар буюу 17.6 хувиар өссөн байна. 2014 оны байдлаар Монгол Улс нь ОХУ-аас 7 чиглэлээр БНХАУ-аас 11 чиглэлээр тус тус цахилгаан эрчим хүч худалдан авсан байна.
Монгол Улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангажээ.
Өнөөдөр эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компанид нийтдээ 10340 хүн ажиллаж байна. Үүний хамгийн олон хүнтэй нь 1728 ажиллагсадтай УБЦТС компани тэргүүлж байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компаниуд нийтдээ 30.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
2014 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ДЦС-3-ын хүчин чадлыг 50 МВт-аар, ДЦС-4-ын хүчин чадлыг 123 МВт-аар тус тус өргөтгөх, Амгалан ДС-ыг барих, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төвд ДС, дулааны шугам сүлжээ барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компани нийт дүнгээрээ 86.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ДЦС-3-ын 250 МВт-ын төслийг ажлыг эхлүүлэх, Дархан ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Эрдэнэт, Дорнодын ДЦС-ын өргөтгөлийг эхлүүлэх ажил хийгдэнэ. Мөн Амгалан ДС-ын угсралтыг бүрэн дуусгаж, туршилт тохируулгын ажлыг хийж, ажилд залгана.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар, хэлтсийн дарга нар оролцлоо хэмээн ЭХЯ-аас мэдээллээ.