Categories
мэдээ нийгэм

Охины төлөө дэлхийн өнцөг булан бүрт олон мянган хүн залбирч, зул өргөлөө

Дөрөвхөн настай охиноо төрсөн эцэг нь хойд эхийнх нь хамт зодож, аминд нь хүрсэн ноцтой хэрэг энэ долоо хоногт цацагдаж, олныг цочирдууллаа. Харамсалтайгаар амиа алдсан хөөрхий охины төлөө зул өргөх ёслол өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд боллоо. Тэнд хүүхэдтэй, дүүтэй хүн бүр очихыг “Өдрийн сонин” уриалсан. Чингэсийн талбайд зул өргөх энэхүү гашуудлын үйл ажиллагаанд олон мянган хүн сайн дураараа цуглалаа. Ирсэн хүн бүр талийгаач охины төлөө зул өргөн, гурван минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийлсэн юм.

“Цагаан цуглаан” нэртэй энэхүү буяны арга хэмжээг “Ээж бүхний дуу хоолой” facebook группээс санаачилсан бөгөөд 10 гаруй ТББ, клубын нэгдэл, иргэд дэмжин оролцлоо. Бурханы оронд дэндүү эрт буцсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор зул өргөх ёслолыг зохион байгуулжээ.
Энэхүү ёслол өнөөдөр Чингисийн талбай, Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болсон бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд охины төлөө эмгэнэл илэрхийлж, олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байв. Өнөөдрийн арга хэмжээг иргэд сайн дураараа зохион байгуулсан гэхэд ямар ч улстөрийн жагсаал, тэмцлээс илүү олон хүнийг хамарсан байв.
“Ээж бүхний дуу хоолой” Facebook групп гэхэд 8000 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 1500 ээж хүрэлцэн ирсэн бол бусад төрийн бус байгууллагаас ойролцоогоор 1500-2000 хүн цугласан гэв. Түүнчлэн энд бага насны балчир хүүхдүүд ч ирсэн байсан бөгөөд гэрэлт зул барин зогсоно.
Зул өргөх ёслолд олон хүн сайн дураараа хүрэлцэн ирсэнд талийгаач охины ар гэрийнхэн, мэдээллийг анх facebook хуудаснаа оруулсан охины ээжийнх нь найз эмэгтэй талархаж байгаагаа илэрхийлжээ. Арга хэмжээг зохион байгуулагчид Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэг цагийн эрх авсан тул 18.00 цагт эхэлсэн ёслол 19.30 цагийн үед өндөрлөлөө. Зул өргөх ёслолоос хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *