Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Монголын хурдан морины уралдааны дүрмийн 1.1, 1.14 дэх заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хурдан морины уралдаан товлон зарлах, зохион байгуулах тухай 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоол гарлаа. Уг тогтоолд:
1. “Дэлтэй цэнхэр” МСУХ, Их-Уул, Тариалан, Төмөрбулаг сумдаас ирсэн хүсэлтийг үндэслэн 2015 оны уламжлалт аймгийн бүсийн хаврын уралдааныг /дээд гурван нас/ билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн сумын нутагт Их-Уул сумын ЗДТГ, “Их-Уулын хүлэг” МСУХ зохион байгуулах, зүүн бүсийн уралдааныг шинийн 15-нд Тариалан суманд, “Шилдэг хүлэг” бага гурван насны уралдааныг 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр Мөрөн суманд аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр зохион байгуулахыг “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгчдэд даалгасугай.
2. Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Идэрийн хурд” уралдааныг аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр 2015 оны долдугаар сард зохион байгуулахыг Төмөрбулаг сумын Засаг дарга Б.Ганзориг, тус сумын МСУХ-ын тэргүүн Б.Энхжаргал нарт үүрэг болгосугай.
3. Аймгийн бүсийн уралдаануудыг уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд аливаа хураамж, бооцоо авахгүй зохион байгуулахыг Мөрөн сумын Засаг дарга /Ц.Гансүх/, Их-Уул сумын Засаг дарга /Б.Мянганбаяр/, Тариалан сумын Засаг дарга /Ц.Хөвсгөлдалай/, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, сумдын салбар холбооны тэргүүн нарт үүрэг болгосугай.
4. Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /С.Цогтоо/-д үүрэг болгосугай гэжээ.